Сэлэнгэ сумын сургуулийн 70 жилийг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-09 08:50:35
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид улсын тэргүүний Сэлэнгэ сумын Монгол Улсын гавьяат багш Ц.Гомбожавын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр шийдвэрлэлээ.
Сургуулийн түүхт 70 жилийн ойгоо энэ оны есдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд “Эрдмийн баяр” болгон тэмдэглэхээр сургуулийн захиргаанаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан шийдвэр гаргасан байна.
Тус сургууль 1948 онд тэр үеийн Цонхлон сумын нутаг Бухын Наран гэдэг газар байгуулагдсан аж. Удалгүй Ингэттолгой буюу одоогийн Сэлэнгэ суманд шилжин ирж 2 өрөө дүнзэн байшинд нэг ангид 17 сурагч, 4 багштайгаар хичээллэж эхэлжээ. Сургуулийн материаллаг бааз бэхжин хөгжиж багшлах боловсон хүчин, суралцагсдын тоо нэмэгдсээр 1960 онд бүрэн бус дунд сургууль, 1964 онд 8 жилийн дунд сургууль, 1990 онд 10 жилийн дунд сургууль болон өсч хөгжсөн байна.
Одоо тус сургуульд 500 шахам сурагчид суралцаж, дотуур байранд 100 гаруй хүүхэд сууж, тэдэнд 70 гаруй багш, ажиллагсад хичээл зааж, үйлчилдэг юм.
М.Батжаргал

相关新闻