Рашаант сумын сургууль, цэцэрлэг ирэх даваа гарагаас хичээллэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-07 12:49:54
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Рашаант сумын сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын 12-ноос буюу ирэх даваа гарагаас үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. 

Тус сумын сургууль, цэцэрлэг энэ он гарсаар сургалтын үйл ажиллагаа явуулаагүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ээлжит амралттай байх хугацаанд сумын төвд малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон юм.
Сумын онцгой комисс сумын төвийн хорио цээрийн дэглэмийг 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм рүү шилжүүлэхээр шийдвэрлэж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх даваа гарагаас эхлэн хэвийн явуулахаар болжээ.
Тус сумын сургуульд 740, цэцэрлэгт 120 гаруй хүүхэд сурч, хүмүүждэг байна.
- Малын гоц халдварт шүлхий өвчний гаралт багасч намжлаа. Өвчний голомтын халдваргүйтгэл, ариутгалыг заавар журмын дагуу хийж байна гэж сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ ярилаа.
М.Батжаргал
相关新闻