Шилүүстэй сум хүүхдэд ээлтэй орон нутаг болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Шилүүстэй суманд болсон “Хүүхдэд ээлтэй орон нутаг олон нийтийн оролцоот сургууль” хэлэлцүүлэгт суралцагчид сурч боловсроход шаардагдах ном, техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх хэрэгтэйг шийдвэр гаргах түвшнийхэнд дуулгалаа.
Мөн хөдөөгийн сумын сургуулийн хүүхдүүдэд нэн тэргүүнд сурч боловсрох орчин нөхцөл таатай байх ёстой. Түүнчлэн үдийн цайны чанар, аюулгүй байдлыг анхаарч үзэх хэрэгтэй, хүүхдүүдийг авъяас чадвар хүсэл сонирхолыг харгалзан үзэж хөгжүүлэх. Тэдэнтэй багш сурган хүмүүжүүлэгчдээс гадна эцэг эхчүүд, шийдвэр гаргах түвшний удирдлагууд нээлттэй ярилцдаг өдөртэй болох хэрэгтэй хэмээн хүүхдүүд дуулгалаа. Энэхүү хэлэлцүүлэгт хүүхдийн төлөө зөвлөл, хүүхдийн төлөө хамтарсан баг, зохицуулах зөвлөл, иргэдийн төлөөлөл, эцэг эхчүүд, сумын шийдвэр гаргах түвшний удирдлагууд, суралцагчдын төлөөлөл нийт 170 гаруй хүн оролцжээ. Мөн үеэр оролцогчид хүүхдүүдийн сурах орчин, цэцэрлэгийн хүүхдийн эцэг эх асран хамгаалагчийн оролцоо, хүүхдийн хоол тэжээл, чийрэгжүүлэлт эрүүл мэнд, хүүхдийн авьяасыг хэрхэн нээн хөгжүүлэх вэ, хүүхэд хамгаалал гэсэн сэдвүүдээр илтгэл сонсч нээлттэй ярилцжээ. Хэлэлцүүлгээс багш, сургууль, төрийн байгууллагууд, суралцагчид, эцэг эхчүүдийн хамтарсан зөвлөмж гарсан байна.
Б.Мягмарсүрэн