Чөлөөт бөхийн эмэгтэй бөхчүүд Ази тивийн АШТ-ээс 4 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-02 09:18:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Киргизстаны нийслэл Бишкек хотноо эхэлсэн чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эхний өдөр манай эмэгтэй бөхчүүд нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.

Эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаан болж, монголын таван бөх бүгд медалийн төлөө барилдсанаас 68 кг-д ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг мөнгө, 50 кг-д ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл, 55 кг-д ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг, 59 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор нар хүрэл медал
ийн эзэд боллоо.

Эмэгтэйчүүдийн 68 кг9 бөх барилдсан бөгөөд Ш.Түмэнцэцэг 1/4 шигшээд Энэтхэгийн Дивя Какраныг цэвэр (10:0), хагас шигшээд Киргизийн Меерим Жуманазароваг 2:2-оор ялсан. Улмаар алтан медалийн төлөө ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Зоу Фенгтэй барилдаж, оноогоор (0:10) цэвэр ялагджээ. Тэрбээр Азийн АШТ-ээс дөрөв дэх медалиа хүртэж байгаа юм.



50 кг-д 12 бөх хүч үзсэнээс Э.Нарангэрэл шөвгийн наймд Вьетнамын Ти Хуан Нгиенийг оноогоор цэвэр (10:0) ялсан ч хагас шигшээд БНХАУ-ын Лей Чунд цэвэр ялагдсан. Хүрэл медалийн төлөө Узбекстаны А.Кеунимаеватай барилдаж 8:2-оор ялжээ.



Харин
55 кг 9 бөх барилдсан бөгөөд Э.Даваачимэг 1/4 шигшээд Энэтхэгийн Лалитаг 6:0-ээр ялсан ч хагас шигшээд Японы Саки Игарашид 0:3-аар ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Н.Назгулыг оноогоор цэвэр (14:4) ялж хос хүрэл медальтан болов.



Эмэгтэйчүүдийн 59 кг10 хүчээ сорьсоноос Б.Шоовдор тэгшитгэлд Вьетнамын Ти Вин Нгиенийг, шөвгийн наймд Японы Юзүрү Күманог тус бүр цэвэр ялсан ч хагас шигшээд Иван Ярыгиний “Алтан Гран при”-гийн аварга БНХАУ-ын Рон Ниннингэд оноогоор цэвэр ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Тайландын Айнфен Пимсупакыг 29 секундэд оноогоор цэвэр ялав. 
 

Д.Өлзий

相关新闻