"Оюутан цэрэг"-ийн бүртгэл ирэх даваа гарагаас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-01 18:40:56

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт “Оюутан цэрэг”-ийн бүртгэл энэ сарын 05-наас эхэлнэ. Энэ жил гурав дахь жилдээ Завхан аймагт “Оюутан цэрэг”-ын сургалт хэрэгжих гэж байна.
"Оюутан цэрэг" сургалт хөтөлбөрт өнгөрсөн хоёр жил МУИС-ийн Завхан сургууль, СУИС-ийн салбар ХБК, Политехникийн коллежийн дипломын болон баклаврын хөтөлбөрийн оюутнуудаас 30 гаруй оюутан хамрагдаж цэргийн алба хаажээ.
“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлан хэрэгжиж байгаа ажээ. Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт (хоёр багц цаг буюу 96 цагийн хичээл)-ыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс бямба, ням гарагуудад аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, тухайн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран танхимын сургалтын хэлбэрээр зохион байгуулах юм байна. "Оюутан цэрэг" нь цэргийн ерөнхий бэлтгэл шатны төгсгөлд шүүлэг өгч тэнцсэн тохиолдолд цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтад хамрагдана. Цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалт (14 багц цаг буюу 560 цагийн хичээл)-ыг ирэх зургадугаар сараас эхлэн хоёр сарын хугацаатайгаар цэргийн анги, байгууллагын сургалтын төвийг түшиглэн танхимын болон хээрийн дадлага, сургуулийн хэлбэрээр зохион байгуулдаг байна. “Оюутан цэрэг” сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан оюутан, суралцагч нь цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтын төгсгөлд Цэргийн тангараг өргөнө. Ингэснээр суралцаж байх хугацаандаа цэргийн албаны үүргээ биелүүлэх боломж бүрдэж байгаа.
Үүнээс гадна Цэрэг эх оронч хүмүүжил, төлөвшилтэй, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл эзэмших, Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэж, улс орны батлан хамгаалах чадавх сайжирч, их, дээд сургуулийн төгсөгчид төрийн албанд орох нөхцөл бүрдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм байна.

Б.Мягмарсүрэн

 


相关新闻