Дотуур байрны сурагчдын амьдрах нөхцлийг сайжруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-02-23 16:01:51
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Чойн Дугаржавын нэрэмжит Онгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх сурагчдын дотуур байр засварт орсоноор сурагчдын сурч боловсрох, амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлж чаджээ. Тус байранд Онгон, Наран, Дарьганга сумдын 40 орчим хүүхэд амьдарч байна.

Дотуур байр нь 1980-аад оны барилга бөгөөд ашиглалтад орсон цагаасаа хойш нэг ч удаа засварт ороогүй юм байна. Тиймээс аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас долоон сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээр зөвхөн байрны дотор талд засвар хийжээ.

Энэ талаар дотуур байрны багш Г.Болорцэцэг хэлэхдээ “Энэ удаад бид байрныхаа дотор талд засвар хийсэн. Гадна талд ямар ч засвар хийгээгүй, хуучны тоосгон ханаараа байгаа. Ер нь барилга маань хуучных учир их муудсан байсан. Дотор хана будагтай, тааз нь их өндөр, шохойн байсан. Тиймээс бид дулаан байлгах үүднээс тасаг болгоныг шинээр доторлож, таазыг хоёр метрээр доошлуулж дүүжин тааз хийсэн. Ингэснээр байр маань илүү дулаан болж, хүүхдүүд амьдрахад илүү тохитой болсон. Одоогоор тасгуудын ор жаахан гологдож байна. Мөн л хуучны модон орнууд бий. Бид сумын уугуул бизнесмэн болон зарим албан тушаалтнуудад дэмжлэг үзүүлэх талаар санал тавьсан. Үүний үр дүнд аймгийн “Талын зам” компанийн захирал Т.Бямбадорж нэг тасгийн таван орыг хувийн зүгээс бүрэн шинэчилж өгөөд байна.” хэмээсэн юм.
Т.Одончимэг
相关新闻