Зарим цахим тоглоомын газрыг зогсоох шийдвэр гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-02-12 15:56:40
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёл урлагийн газрын хамтарсан ажлын хэсэг Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг зургаан цахим тоглоомын газарт “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтийг хангах хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтын явцад орон сууцны орц, подвалд буюу хориглосон газар үйл ажиллагаа явуулж байгаа Магсаржав багийн 3 дугаар 60 айлын 5 дугаар орцонд байрлах “Од”, Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Miracle” зэрэг цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэв.
Интернэт кафе нэрийн дор цахим тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байгаа болон зөвшөөрөгдөөгүй цэгт
/орон сууцны нэг давхар/ үйл ажиллагаа явуулж байгаа “SCOTT” төвийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа. Эдгээр газрууд нь гэрэлтүүлэг, агааржуулалт муутай, эрүүл ахуйн шаардлага хангаагүй бохир орчинтой, бие засах, гар угаах зориулалтын газаргүй, цаг хэтрүүлэн ажилладаг, бага насны хүүхдэд үйлчилдэг байна.
Түүнчлэн хоёр цаг тогловол нэг цаг үнэгүй гэх мэтээр насанд хүрээгүй хүүхдүүдийг тоглоомонд уруу татаж цахим тоглоом тоглох дур сонирхолыг нь өдөөж тоглох хүсэл бий болгож байгаа, хүүхдүүд хичээлийн цагаар дүрэмт хувцас, цүнхтэйгээ үйлчлүүлдэг зэрэг олон ноцтой зөрчилт илэрлээ.
 
Иймд эцэг, эхчүүд дээрх тоглоомын газруудаар хүүхэд багачуудыг үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж байна. Дүрэм журам зөрчсөн цахим тоглоомын эдгээр газруудад иргэд, эцэг эхчүүдийн хараа хяналт хэрэгтэй байгаа бөгөөд мэдээлэл өгч хамтран ажиллах шаардлагатай байна.
 А.Бямбасүрэн

相关新闻