Ирэх намраас уурын зуух ашиглахыг зогсоохоор ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-02-06 09:59:24
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймагт агаарын бохирдлыг бууруулахын эсрэг хэд хэдэн ажил санаачилж, цаашид авах арга хэмжээг тодорхойлж байгаа юм. Үүнд Ховд хотын төвд нам даралттай уурын зуухнуудыг цөөлөх, аймгийн ИТХ-д сонгогдсон 41 төлөөлөгч тус бүр нэг зуух хариуцаж, утааг бууруулахад өөрсдөөсөө эхлэн хувь нэмэр оруулах чиглэл өгч байна.
 
Ховд хотод 11-100 кВт хүчин чадалтай 49 ширхэг томоохон уурын зуух ашиглаж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн зуухыг ирэх намар оны есдүгээр сарын 15-ны дотор зогсоож дулааны станц болон цахилгаан халаалтын системд холбох урьдчилсан судалгаа хийгдэж байна.
 
Түүнчлэн  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, аймгийн Засаг даргын хамтарсан А/47, А/68 дугаар тушаал, захирамжаар “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийг тогтоосон байна. “Векас” 801, 107, 108 маркийн зуухуудыг Байгаль орчин аялал жуулчлалын яам, аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар хөнгөлттэй үнээр буюу 100,0 мянган төгрөгөөр иргэдэд худалдан борлуулж байгаа юм.
 
Ховд хотын газар зүйн байршил, түүхий нүүрсний хэрэглээнээс үүдэлтэйгээр агаарын бохирдол ихтэй байгаа бөгөөд том ширхэгт тоосонцор /РМ10/-ын үзүүлэлт стандарт түвшнээс зарим үед 9 дахин их байгаа учир шөнийн цахилгааны тарифыг өвлийн улиралд гэр хороололд тэглэх /0 төг/ шаардлагатай байгаа гэж мэргэлийн хүмүүс ярьж байна.
 
 
А.Бямбасүрэн
相关新闻