Тэтгэврийн зөрүү, зээлийн хүүний талаар иргэд саналаа хэлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-02-05 15:01:31
Ховд/МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн О.Батнасан тойрогтоо ажиллаж Буянт, Магсаржав, Алагтолгой, Цамбагарав багийн иргэдийн төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар УИХ-аас батлагдан гарч буй хууль тогтоомж болон төр засгийн бодлого шийдвэрийн талаар танилцуулан иргэдийн сонирхсон асуултуудад хариулт өгч санал хүсэлтийг нь сонссон юм. Мөн Ховд аймагт улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Ховд аймагт үе үеийн УИХ-ын гишүүдийн уламжлал болон яригдаж, удаан он удаан жил хүлээгдэж байгаа БОЭТ-ийн Бельгийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх аймгийн төвд эмнэлгийн шиэн барилга барих төслийн Монгол Улсын Засгийн газраас оруулах хөрөнгө оруулалт буюу таван тэрбум төгрөгийн асуудал шийдвэрлэгдсэн гэдгийг тэрээр дуулгав. Түүнчлэн тус аймгийн Чандмань сумын Эрүүл мэндийн төв, Булган сумын 50 ортой эмнэлгийн үлдэгдэл санхүүжилт, аймгийн төвийн Хүүхдийн эмнэлгийн барилга зэрэгт томоохон хөрөнгө оруулалт хийх аж.
Хуралдаанд оролцогч ахмадуудын хувьд тэтгэврийн зээлийн хүү буурсанд талархаж байгаа ч зээлийн хүү нь 12 сараас дээш хугацаанд авах зээлэнд хөнгөлөгдөхгүй байгааг харгалзан үзэж бодлого, шийдвэрт тусгах, тэтгэврийн зөрүүг арилгах тал дэр анхаарч ажиллахыг хүслээ. Түүнчлэн Ховд их сургуулийг түшиглэн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах шаардлагатай байгаа, тус сургуулийн дэргэд нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх эрэлт хэрэгцээ байгааг иргэд хэлж байлаа.
УИХ-ын гишүүн О.Батнасан цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын нэг болох Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа тойргийн гишүүддээ дуулгалаа.
 
                                                                                                                                           А.Бямбасүрэн
相关新闻