“Жаргалантын хүүхдүүд” урлагийн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-02-01 10:15:54
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн хүүхдийн ордон ашиглалтанд орсны 10 жилийн ойд зориулсан “Жаргалантын хүүхдүүд” урлагийн наадмыг энэ оны нэгдүгээр сарын 27, 28-нд амжилттай зохион явууллаа. Тус уралдаан Төгөлдөр хуур, Ятга, Шанз, Гоцлол дуу, Хамтлаг дуу гэсэн таван төрлөөр гурван насны ангиллаар зохиогдсон юм.
Энэ удаад өвлийн цаг агаарын хүндрэлтэй байгаатай холбоотой хөдөө орон нутгаас хүүхэд тээвэрлэх нь эрсдэлтэй байсан учраас зөвхөн төвийн сургуулиудын авьяаслаг хүүхэд багачуудыг оролцуулсан байна. “Жаргалантын хүүхдүүд” уралдаан Хүүхдийн ордны Дуу хөгжмийн багш СТА Ж.Батцэнгэлийн нэрэмжит болон зохион байгуулагдсан ба дууны төрөлд оролцогч хүүхэд бүр хоёр бүтээлээр оролцсоны нэг нь СТА Ж.Батцэнгэл багшийн зохиосон дууг дуулж өрсөлдсөн нь тэмцээний гол онцлог байлаа. 
Тус уралдаанд нийт 80 гаруй авьяаслаг хүүхэд авьяас билэгээ сорьсноос гоцлол дууны төрөлд 32, төгөлдөр хуурын төрөлд 19, хамтлаг дууны төрөлд 18, ятга хөгжмийн төрөлд 18, шанз хөгжмийн төрөлд гурван хүүхэд оролцсон байна.
 
А.Бямбасүрэн
相关新闻