Нийслэлд амьдарч буй 476 мянга гаруй хүүхдийн амьдрах нөхцлийг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-01-30 18:47:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ дахь АН-ын бүлгээс  “Хотын шийдэл-Хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлгийг  өнөөдөр Хангарди ордонд зохион байгуулав.

Улсын хэмжээнд 0-18 хүртэлх насны нэг сая 127 179 хүүхэд байгаагаас 476 мянга 165 нь нийслэлд амьдардаг гэсэн судалгаа бий. 

Дээрх хэлэлцүүлгээр хотын хэмжээнд хүүхдүүдийн өнөөгийн байдал, хөгжил хамгаалал ямар байгаа талаар Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд санал бодлоо солилцлоо.

Мөн үеэр оролцогчдоос хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах чиглэлээр  санал санаачилгууд гарсан бөгөөд тэд хүүхдэд ээлтэй үйлчилгээг нэвтрүүлэх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажил болон нөлөөллийг явуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн юм. Улмаар дээрх чиглэлээр зөвлөмж гарган Нийслэлийн харьяа байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй  гол зүйл нь агаарын бхирдол бөгөөд орчныг бохирдуулагч болон хүүхдийн бие махбодийн дархлааны тогтолцоог сулруулж олон төрлийн өвчин эмгэг үүсгэж буйд тандалт хийх үүднээс сургуулийн дотоод орчны агаарын чанарын судалгааг хийсэн байна. Уг судалгаагаар гэр хорооллын дунд байрлах  сургуулиудын  анги танхим дахь  нүүрс хүчлийн хийн нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр, агааржуулалт хангалтгүй үнэлгээтэй гарчээ.

Харин гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдүүдийн тухайд 2017 онд 555 өсвөр насныхан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.9 хувиар буурсан үзүүлэлт гарсныг Нийслэлийн Цагдаагийн газрын хошууч А.Батсүх хэлэлцүүлгийн үеэр онцлов.

Түүнчлэн Нийслэлийн Статистикийн газрын гаргасан мэдээллээр өнгөрөгч 2017 онд шинээр 38404 хүүхэд мэндэлснээс нялхсын эндэгдэл 830, 1-5 хүртэлх насны эндэгдэл 593 тохиолдол гарчээ. Мөн онд зам тээврийн осолд 685 хүүхэд өртсөн бол ахуйн осолд 21 мянга 62 хүүхэд өртсөн дүн мэдээ гарсныг албаныхан мэдээллээ.

НОБГ-ын ахлах байцаагч, хошууч С.Эрдэнэбаярын мэдээлснээр нийслэл дэх боловсролын байгууллагууд нь барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр төсөв санхүү төсөвлөдөггүй, гал унтраах автомат төхөөрөмж болон галын дохиоллын систем, анхан шатны багаж хэрэгслийг байрлуулаагүй  гэсэн дүгнэлт акт гарсан. Тиймээс үүнд боловсролын байгууллагууд анхаарч ажиллах нь чухал гэдгийг тодотгосон юм.

Ийнхүү нийслэлийн холбогдох байгууллагууд хүүхдэд ээлтэй хот бий болгоход  хамтран ажиллах хэрэгтэй гэдэгт төвлөрч ярилцлаа.
О.Мөнхжаргал
相关新闻