Залуучуудын байгууллагын 95 жилийн ой энэ онд тохионо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-26 12:25:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хүүхдийн байгууллага байгуулагдсаны 90 жил, нийслэлд залуучуудын хөдөлгөөн үүч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байна.

Нийслэлийн хүүхэд, залуучуудын байгууллагын үе үеийн удирдлагуудын төлөөлөл, ахмад үеийнхэн өнөөдөр эдгээр түүхт ойг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээний асуудлаар Нийслэлийн Засаг дарга С.Батболдтой уулзаж, ярилцлаа.

Хотын пионерийн зөвлөлийн 2, 1-р нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Ренцен-АмгалантТүүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 9 төрлийн багц арга хэмжээг ирэх сарын 1-нээс наймдугаар сарын 24-ний өдрийг хүртэл зохион байгуулах болсон талаар хотын даргад дуулгаад “Бүх ажлууд төлөвлөгөөний дагуу явж байгаа. Хамгийн гол нь энэ арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулахыг хүсч байна” хэмээв.

Түүнчлэн Хувьсгалт залуучуудын эвлэл, Хотын пионерийн зөвлөл зэрэг байгууллагууд тухайн үед залуучуудруу чиглэсэн ямар арга хэмжээг зохион байгуулдаг, юу хийдэг байсан талаар туршлагаасаа ярилцлаа.

“Засаг даргын ивээл дор зохион байгуулахад миний зүгээс татгалзах зүйл байхгүй. Захирамж гаргаад, ажлын хэсэг байгуулж ажиллуулна. Та бүхэн ажлын хэсэгт орж төлөвлөгөөгөө сайтар гаргаад, зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй. Хотын зүгээс бүхий л талаар дэмжин ажиллах болно” хэмээн нийслэлийн Засаг дарга С.Батболд уулзалтын үеэр хэллээ.
Ч.Ариунболд
相关新闻