“Цэцэгсийн хэлээр ярина” уран зургийн үзэсгэлэн анх удаа Улиастайд нээгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-24 16:37:58

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн зураач М.Анхцэцэг “Цэцэгсийн хэлээр ярина” уран бүтээлийн бие даасан анхны үзэсгэлэнгээ Улиастайд тавих гэж байна. Үзэсгэлэн ирэх гуравдугаар сарын наймны өдөр долоо хоног Улиастайд болох ажээ.
Яруу сумын уугуул зураач М.Анхцэцэг 2002 онд Үйлдвэрлэл урлалийн сургуулийг “Зураач” мэргэжлээр, 2006 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг “Уран зураач” мэргэжлээр, 2012 онд Соёл урлагийн их сургуулийг “Дүрслэх урлаг судлаач, Багш мэргэжлээр тус тус дүүргэжээ.  2007 оноос эхлэн Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагддаг уламжлалт “Хавар”, “Алтан бийр”, Занаду арт галерейн “Төгс мэдрэмжийн эрэлд” зэрэг олон арван уран зургийн үзэсгэлэнд бүтээлүүдээрээ амжилттай оролцсон зураач юм байна. Мөн Улаанбаатар хотноо хамтарсан болон бие даасан үзэсгэлэнгүүдээ гарган улмаар Финлянд, Солонгос, Бээжин зэрэг ОУ-ын үзэсгэлэнгүүдэд уран бүтээлээ толилуулж байжээ. Тэрээр хөдөө орон нутагтаа уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд -“Хүн бүр энэ ертөнцөд тодорхой үүрэгтэй ирдэг, миний үүрэг бол зураач, би зураач хүн ямар үүрэгтэй байх ёстой түүнийг л харуулахыг, ойлгуулахыг, мэдрүүлэхийг хүсдэг” хэмээн ярих дуртай ажээ.

Б.Мягмарсүрэн 

相关新闻