М.Дуламжав:Богдын гол багийн иргэд усан сантай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт хэрэгжиж буй “Аюулгүй ус-Амьдралын баталгаа” төслөөс мэдээлэл хийлээ. Тус төсөл нь Улиастай сумын усны аюулгүй байдлыг хангах бодлогын нөлөөлөл хийснээр эмэгтэйчүүдийн цэвэр аюулгүй усаар хангагдах, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад хувь нэмэр оруулах зорилготой өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн дөрвөн сар хэрэгжиж буй юм. Төслийн үр дүн явц ямар байгаа талаар төсөл хэрэгжүүлэгч Өрнөх хөгжил ТББ-ын гүйцэтгэх захирал М.Дуламжаваас тодруулга авлаа.
-Сайн байна уу? Усны талаарх төсөл хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Төслийн зорилт чухам юу байв? Үр үн гарсан уу?
-Манай ТББ Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгээр өнгөрсөн зургадугаар сараас эхлэн тэтгэлэг авч төслийг хэрэгжүүлсэн. Төслийн эхний зорилт бол гэр хорооллын иргэдийн ууж байгаа голын усны талаар дунд ангийн 200 сурагчдад мэдээлэл өгч, аюулгүй ус авах хэрэглэх арга барилд сургах, Улиастай сумын Богдын гол багийн гүүр, Нэгдэл дунд хэсэгт усан сантай болох хөрөнгийн асуудлыг 2018 оны төсөвт тусгах бодлогын нөлөөлөл хийх, шийдвэр гаргагчдын усны аюулгүй байдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж Улиастай сумыг Усны аюулгүй байдлын урт хугацааны төлөвлөгөөтэй болгох гэсэн зорилтуудыг тавьсан байгаа. Төслийн зорилт ажил болж, үр дүн гарч байгаа. Бид зорилго зорилтынхоо хүрээнд Улиастай сумын бүрэн дунд III сургууль, Дэвшил сургуулийн 200 гаруй сурагчдад нийт найман удаа 16 цагийн сургалт хийсэн. Энэ сургалтыг аймгийн Ахмад эмч нарын холбооны гишүүн Хүүхдийн эмч, нийгмийн эрүүл мэндийн сургагч багш, Очирвааны эрүүл ирээдүй ТББ-ын тэргүүн Б.Готов, Улиастай сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга аймгийн Скаутын холбооны тэргүүн Э.Мөнхсайхан нартай хамтран Усны эрүүл ахуй, ач холбогдол байгаль орчин гол усаа хамгаалах тэр дундаа Улиастай хотынхоо дундуур урсаж байгаа Богд Чигэстэй голоо хамгаалах, унаган төрхөөр нь хадгалах орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахад өсвөр үеийнхний оролцоог хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ гэхчлэн хүүхдүүдээс санал асуулга авч эсээ бичүүлж, хамтран сургалт хийсэн. Үр дүнгээ ч өгсөн. Сургалтанд хамрагдсан хүүхдүүд сургалтын дараах өөрсдийн ойлголт мэдлэгт суурилан шийдвэр гаргах түвшинд болон үе тэнгийнхэндээ хандан уриалга гаргаж дээрх голуудын сав дагуу газруудыг цэвэрлэдэг өдөртэй болж айл өрхүүд, иргэдэд сануулга зөвлөгөө уриалга хүргэдэг болсон байна. Харин ТББ-ын зүгээс сургалтанд хамрагдсан сурагчдынхаа дунд усны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахад сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргагчид эцэг эхчүүд, сургууль багш нартаа дуу хоолойгоо хүргэх, өсвөр үеийнхний усны аюулгүй байдлын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх үе тэнгийнхнийх нь идэвх оролцоо санаачлагыг өрнүүлэх зорилготой хоёр удаагийн аян зарлаж дүгнэсэн. Хүүхдүүтэй хамтарсан аяны үр дүнд 200 хүүхдийн усны аюулгүй байдлын талаарх мэдлэг ойлголт нэмэгдэж, 150 гэр бүл аюулгүй усаар хангагдах эрхээ шаардах, дуу хоолойгоо илэрхийлэх чадавхитай болсон байна.
-Улиастай сумын Богдын гол багийн гүүр, Нэгдэл дунд хэсэгт усан сантай болох хөрөнгийг шийдвэрлүүлнэ гэлээ. Энэ асуудал шийдэгдсэн үү?
-Бид энэ асуудлыг шийдүүлэхийн өмнө Улиастай сумын Богдын гол багийн гүүр, Нэгдэл дунд хэсгийн айл өрхийн усан хангамжийн судалгаа хийсэн. Мөн энэ багт амьдардаг 150 өрхийн эмэгтэйчүүдтэй уулзалт хийж усан сангийн хүрэлцээ муу, нарийн гудамжгүй учраас ганц байгаа худгаасаа бүгдээрээ усаа аваад байх боломжгүй, энэ худаг нь уурын зуухны дэргэд байдаг учраас нүүрс, орчны бохирдол ихтэй зайлшгүй усан сантай болох гэдэгтэй санал нэгдэж хүсэлт гаргасан. Улмаар Улиастай сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, тэргүүлэх төсөвчин, аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүн Т.Пүрэвжаргалд усан сангийн зураг төсөв боловсруулах санал тавьснаар Улиастай сумын Богдын гол багийн гүүр, Нэгдэл дунд хэсэгт баригдах усан сангийн зураг төсөвтэй болсон байгаа. Ингээд Улиастай сумын Богдын гол багаас аймаг, сумын ИТХ-д сонгогдсон найман төлөөлөгч, Богдын гол багийн ажлын алба, Иргэдийн нийтийн хуралтай хамтарсан уулзалт хийж, төслийн зорилго, зорилт Усан сангийн зураг төсвөө танилцуулж, хэрэгжүүлэх нөлөөллийн уулзалт хийсэн. Уулзалтын үр дүнд Улиастай сумын ИТХ-ын 2017 оны 12 сарын 15-ны хуралдаанаар Богдын гол багт усан сан бариулах төсөв батлагдсан байгаа.
-Төслийн үр дүн гарч байгаад баяр хүргэе. Тэгвэл Улиастай сум Усны аюулгүй байдлын урт хугацааны төлөвлөгөөтэй болж чадсан уу? Төслийн зүгээс дэмжлэг үзүүлсэн болов уу?
-Баярлалаа. Төсөл үр дүнтэй хэрэгжинэ гэдэг иргэдийн эрх ашигт нийцэж байгаа хэрэг шүү. Мэдээж манай төслийн нэг гол зорилт нь шийдвэр гаргагчдын усны аюулгүй байдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх асуудал байсан. Мөн Улиастай сум Усны аюулгүй байдлын урт хугацааны төлөвлөгөөтэй болох зорилт юм. Тиймээс төслийн багийнхан Завхан аймгийн усны аюулгүй байдлын зөвлөлөөс 2015-2017 онд хийсэн ажлын төлөвлөгөөний биелэлт, үр дүн, аймаг орон нутгаас гаргасан хөрөнгө оруулалтанд дүн шинжилгээ хийж, усны аюулгүй байдал, орчны бохирдол нөлөөллийг бууруулах шаардлагатай гэж үзсэн. Ингээд Усны аюулгүй байдлын 2018-2020 оны төлөвлөгөөний төслийг "Амь-ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, Усны аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, манай төслийн баг хамтран боловсруулж өнгөрсөн оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Усны аюулгүй байдлын аймгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж санал аваад байна. Саналын дагуу Усны аюулгүй байдлын төлөвлөгөөний төслийг Улиастай сумын Засаг даргын зөвлөл, ЗДТГ-аас санал авч аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлснээр Завхан аймгийн усны аюулгүй байдлын төлөвлөгөөг батлуулахаар шийдвэрлэсэн.
-Мэдээж төсөл хөтөлбөрүүд ямар нэгэн үр дүн, өөрчлөлт гаргахыг зорьдог. Тэгэхээр “Аюулгүй ус-амьдралын баталгаа” төслийн өөрчлөлт юу байв?
-Тэгэлгүй яахав. Мэдээж төслийн өөрчлөлт бол иргэдийн зөв дадал, хэрэглээ, бас мэдлэг мэдээлэл болон шийдвэр гаргагчдын оролцоо нөлөөллийг нэмэгдүүлэх байлаа. Юуны өмнө Завхан аймгийн төв Улиастай сумын иргэд, тэр дундаа Богдын гол багийн иргэдийн ууж байгаа голын ус, булгийн усанд шинжилгээгээр гэдэсний савханцар өвчний нян зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан байсан. Тиймээс ундандаа хэрэглэж байгаа усаа хэрэглэхгүй байх. Гол усаа бохирдуулахгүй байх. Ундны усаа найвартай усан сангаас хэрэглэхийг уриалсан байгаа. Жишээ нь крантны усаа шүүж уух, 3-5 минут буцалгаж хэрэглэхийг иргэдэд мэдээлсэн. Голоос хэрэглээний ундны ус зөөдөг нь хүүхүүд л байдаг. Тиймээс хүүхдүүдэд усны аюулгүй байдлын талаарх мэдлэг ойлголтыг өгсөн нь ч өөрчлөлт авчирсан байгаа. Үүний нэг тод жишээ нь зорилтот бүлгийн өсвөр үеийнхэн маань: -“Ногоон дэлхий дээр хүчилтөрөгч, ус төрөгч урсаж байг
Намуун урсалт булаг шанд ундарч байг
Нуурын мандалд саран тольдож байг
Нутаг усанд маань амьтан ургамал үржиж байг
Алтнаас ч үнэтэй Амин эрдэнэ усаа хайрлая хэмээн уриалга бүхий аянуудыг өөрсдийн санаачлагаар сургууль бүр дээрээ сумын хэмжээнд уриалдаг болсон байна. Гэр бүл эцэг эх шийдвэр гаргагчид, сургууль багш нартаа аюулгүй ус, орчны талаар нөлөөлөл хийх чадвартай болсон байна. Улиастай сумын Богдын голын гүүр, Нэгдэл дундын иргэд эмэгтэйчүүд нэгдэн ажилласнаар Усан сан бариулах төсвөө батлуулж голоос ус авах иргэдийн тоог бууруулах боломж 2018 онд бүрэн бүрдэж байна. Шийдвэр гаргагчдын усны аюулгүй байдал, орчны бохирдлын нөлөөлөлийг бууруулах талаарх мэдлэг ойлголт нэмэгдсэнээр Улиастай сум нь Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг орон нутгийн хөгжилтэйгээ уялдуулан гаргаж, Гэр хорооллын бие засах газрыг өөрчлөх хөдөлгөөныг энэ онд идэвхитэй өрнүүлж эхлэх гэж байна. Иргэд ундны усаа хадгалдаг саваа өөрчилж эрүүл мэнддээ анхаардаг болсон байна гэхчлэн төслийн үр дүн илт гарч байгаа нь сайшаалтай. Эрүүл байх нь иргэний өөрийнх гарт байдаг. Манай төслийн дөрвөн сар хийсэн судалгаагаар Богдын гол багийн 500 гаруй айл өрх бүр хуванцар шанагаар халуун цайгаа самарч хуванцар савны хорыг идэж ууж эрүүл мэндээ хохироож байсан. Мөн айл өрхийн 60 гаруй хувь нь техникийн тос масло савлаж Монголд орж ирсэн шар канистр, угаалгын нунтаг, вок, химийн бодис, барилгын материал, имульс савлаж ирдэг хөх саванд усаа авч хэрэглэж байсан. Тиймээс бид шат дараатай дээрх савны хор нөлөөний талаарх мэдээллийг иргэдэд хүргэсэн. Тодруулбал эдгээр савнаас фталат, формальдгид, хар тугалга зэрэг хүний биед хортой, аажимдаа хавдар үүсгэх хор хөнөөлтэй бодисууд ялгарч, хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагад төмөр хоёр дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин, хуванцар саванд хонуулсан сүүнд хар тугалгын агууламж 3-4 дахин, айрганд 4.4 дахин их байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоогоод байна. Хэрэглээгээ зогсооё, эрүүл ахуйд нийцсэн савыг хүнсэндээ ашиглая гэдэг мэдээллийг түлхүү өгсөн нь үр дүнгээ сайн өгсөн. Сургалтын дараах тандалтаар судалгаанд хамрагдсан өрхийн 35 гаруй хувь нь ундны ус хадгалах саваа өөрчилсөн байна. Цаашид энэ зөв хэрэглээ дадал нэмэгдэх байх гэж харж байгаа. Усны талаарх хамгаалалт, хэрэглээ, дадал зуршлыг бид багийн иргэдээсээ эхлэн жишиг болгоно гэсэн зорилгоо ч мөн давхар хэрэгжүүлж байгаа.
-Төсөл цаашид үргэлжлэх үү?
-Мэдээж энэ онд төсөл үргэлжилнэ. Тиймээс бид энэ жилдээ Богдын гол багт усан бариулах, Усны аюулгүй байдлын нэгдсэн төлөвлөгөөнд хамтран ажиллана. Цаашид усны нөөц, аюулгүй байдал тал дээр өөр бусад зорилтот бүлгийг хамруулах ажлыг эхлүүлэн хийнэ.
Б.Мягмарсүрэн