“Эко сургууль” шалгаруулах болзолт уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-21 22:55:39
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга “Эко сургууль” шалгаруулах болзолт уралдаан зарлаж, олон улсын багш нарын баяраар дүгнэхээр шийдвэрлэлээ.
Ерөнхий боловсрлын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгох, байгаль орчныг хамгаалах, уламжлалт зан заншил, зөв дадал зуршил олгох, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хог хаягдлыг дахин ашиглах, орчны бохирдол, доройтлыг бууруулах, ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлэгч сургууль бий болгох үүднээс энэ уралдааныг зарласан байна.
“Хүүхэд, залуучуудад экологийн боловсрол олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтаж байгаль орчныг хамгаалах, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр шинэлэг ажил зохион байгуулж, үр дүн гаргах, эко аялал зохион байгуулан орон нутгийнхаа байгалийн баялаг, түүх соёлын болон үзэсгэлэнт газрыг сурагчдад таниулан, хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх зэрэг шалгуур үзүүлэлт тавьжээ.
Тус аймаг “Ногоон хөгжил” хөтөлбөр боловсруулсан анхны аймаг болж, 2013-2016 онд тус хөтөлбөрийн эхний үе шатыг хэрэгжүүлсэн юм. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр “Ногоон хөгжлийн хэтийн зорилт” бодлогын баримт бичиг батлуулан хэрэгжүүлж эхлээд байна.
М.Батжаргал
相关新闻