Нарны хүлэмжийн ногоогоор сумын төвийнхний жилийн хэрэгцээг хангадаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/. Завханы гурван сум нарны хүлэмжинд тарьсан хүнсний ногоогоор сумынхаа иргэдийн хэрэгцээг жилийн турш хангаж байна. Европын холбооны санхүүжилттэй Хөдөөгийн Эдийн засгийг хөгжүүлэх төслийн шугамаар Завханы Эрдэнэхайрхан, Нөмрөг, Их-Уул сумдад гурван ширхэг нарны хүлэмж баригдаад гурван жил болж байна.
Нарны хүлэмжинд үрт жимс, нарийн ногоог тариалах ба ихэнхдээ өргөст хэмх, сонгино, сармис, хүрэн манжин, шар ба улаан лууван, лооль, бөөрөнхий ба цэцэгт байцаа, амтат чинжүү гэх мэт ил талбайд тариалах боломжгүй дулаан ба гэрлийн хангамж, шим тэжээл ихээхэн шаарддаг таримлыг тариалдаг байна. Иймд сумдууд хэрэглээнээс хамааруулан өргөст хэмх, амтат чинжүү, лооль тариалж байгаа ажээ. Хүлэмжний ногооны ургалт, ургацын хэмжээнээс шалтгаалан зөвхөн сумын төвийн хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангах үе заримдаа гардаг байна. Нарны хүлэмж нь 10/6 /2 метрийн харьцаатай ба нийт ашигтай талбай нь 60м.кв юм байна. Энэхүү хүлэмжний нийлэг хальс нь нарны шууд тусгалыг хүлээн авахад чиглэж байрласан, -35°C хүйтэнд ч ургамал ургах хэвийн температурыг хадгалж чаддаг онцлогтой ажээ.
Б.Мягмарсүрэн