БОЭТөвд эмч, эмнэлгийн ажилчдын орон тоог нэмлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн БОЭТөвийн эмч, эмнэлгийн ажилчдын орон тоог 32-оор нэмлээ.
Манай сайтаар дамжуулан тус төвийн дарга М.Энхээ 30 эмчийн орон тоо шинээр хэрэгтэй байгаа талаар мэдээлэл өгч байсан билээ.
Тэрээр, "БОЭТөв нь одоогоор 60 эмч, 90 сувилагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь иргэддээ хүрч чадахгүй хүмүүсийг бухимдуулах, нэг эмчид хэт их ачаалал үүрүүлж ажлын үр дүнг сулруулж байна. Тиймээс 30 эмчийн шинэ орон тоо нэмэгдүүлэх дээр дэмжиж өгнө үү" хэмээн хүсэж байсан.
Тэгвэл энэ оноос эхлэн тусд төвд 32 эмч, эмнэлгийн ажилтны орон тоог шинээр нэмж өглөө. Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэлэхдээ "Бид зүгээр ч нэг мэргэжлийн хүмүүс авч ирж ажиллуулахгүй. Орон нутгийнхаа уугуул, мэргэжилдээ амжилттай ажиллаж байгаа эмч нарыг аймагтаа авч ирэхээр ярьж байна" гэлээ.
Монгол Улсад бүсийн оношилгоо эмчилгээний төв дөрөв байдгийн нэг нь манай аймгийнх бөгөөд орон тоо нь нэгдсэн эмнэлгийн орон тоогоор явж ирсэн юм.
Д.Мишигсүрэн