Зудархуу байгаагаас нэг малчин өрх 50-аас доошгүй толгой мал нядалж борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-14 22:30:20

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Ургамал сумын малчдад туслах хандивын аяныг Залуу үеийн төгс хөгжил НҮТББ-аас нутгийн уугуул иргэддээ уриалаад байна. Тус аянд оролцож малчиддаа туслах хэн бүхэн өвс тэжээл, дулаан хувцас, галын мод, малын нэмнээ, гарын бээлий гэх мэт зүйлсийг хандивлаж болох ажээ.
2017 оны жилийн эцсээр Ургамал сумын таван багийн нийт 217 малчин өрхийн 120836 толгой мал тоологджээ. Өнгөрсөн зун хур тунадас бага орж зун намар гантай байснаас тус сумын малчид гадна аймаг болон өөрийн аймгийн зарим сумын нутагт отроор өвөлжиж байгаа. Өнөөдрийн байдлаар Ургамал суманд цас их хэмжээгээр орж, зузаан нь 15-20 см-т хүрчээ.  Ундтай боловч мал идэх юмгүй, өвөлжилт хүндэрсэн байдалтай байна. Нийт нутаг цасан бүрхүүлтэй 25 хувийн цагаан болон цагаанаар зудархуу байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар малчид өөрсдийн малыг нядалж зах зээлийн үнээс арай хямд борлуулж байна. Давхардсан тоогоор нэг малчин өрх 50-аас дээш толгой малыг нядалж борлуулсан гэсэн мэдээ байна. Дашрамд Завханы Дөрвөлжин, Баянтэс, Тэс, Баянхайрхан, Сантмаргац сумдын малчдад туслах аян мөн нутгийн уугуул иргэдийнхээ дунд сошиалаар зарлаад байгаа юм.

       Б.Мягмарсүрэн

相关新闻