"Бөртэ чоно-2017" шагнал гардуулах ёслол өнөөдөр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-12-20 15:39:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Спортын ертөнцөд тухайн жилд өндөр дээд амжилт гаргасан шилдэг тамирчдаас шилдгийн шилдгийг спортын сэтгүүлчдийн санал асуулгаар шалгаруулдаг “Бөртэ чоно-2017” шагнал гардуулах ёслол өнөөдөр “Мираж” ресторанд болно.

Монголын үндэсний олимпийн хорооноос зохион байгуулдаг уг шалгаруулалтаар энэ жил эрэгтэй гурав, эмэгтэй гурван “Оны шилдэг тамирчин”-г тус тус шалгаруулж, Оны шилдгийн шилдэг тамирчинаар нэг л тамирчин тодруулах юм.  Өнгөрсөн жил "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа, "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай нар шилдгийн шилдгээр тодорсон билээ. 

Харин энэ жилийн хувьд манай тамирчид ДАШТ-ээс гэхэд л 14 медаль хүртсэн гэдгээрээ өмнөх жилүүдээс онцгой төдийгүй өрсөлдөөн нэлээд хурц болох нь тодорхой юм. Өдгөө 15 дахь жилтэйгээ золгож буй "Бөртэ Чоно-2017" ёслолын үеэр уламжлал ёсоор МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, олимпийн зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг тус тус шалгаруулна.

Оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, бас шилдэг дасгалжуулагчдыг болон шилдэг багийн спортын төрлийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчдийн нууц санал асуулгаар тодруулна.

Д.Өлзий
相关新闻