Багш нарын 55.8 хувь нь гарааны үнэлгээ тогтоох шалгалтад тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-16 13:42:06
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Боловсрол соёл, урлагийн газар боловсролын үйлчилгээний зарим үзүүлэлт доогуур байгааг багш нарын чанар муугаас шалтгаалж байна гэж дүгнэжээ.
Тус аймгийн хувьд сүүлийн дөрвөн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо улсын дунджаас доогуур, хэмжээст оноогоороо улсад 10 дугаар байрнаас ухарч хоёр аймгийн өмнө орсон үзүүлэлттэй байна. Энэ онд багш нарын мэргэжил бүрээр нь гарааны үнэлгээ тогтоох зорилгоор авсан шалгалтанд давхардсан тоогоор 746 багш оролцож, дунджаар 55.8 хувь шаардлага хангасан байгаа нь багшийн чанар хангалтгүй байгаагийн илрэл юм.
2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 23 цэцэрлэг, 22 сургуульд 694 багш ажиллаж байгаагаас 106 буюу 15.3 хувь нь багшлах эрхгүй, хөрвөх сургалтанд суух шаардлагатай багш нар байна гэсэн судалгаа гаргажээ.
Боловсролын байгууллагад ажиллаж буй багш нар нь ирээдүйн иргэнийг бэлтгэж байгаагийн хувьд онолын мэдлэг, орчин цагийн хөгжлийн хандлагын хүрээнд тогтмол хөгжих, мэдлэг боловсролоо нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдыг хичээлд идэвхтэй оролцон сурч боловсрох, хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх, цэцэрлэг, ерөнхий боловсрол сургуулийн багш нарын мэргэжлийн үнэлэмж, ур чадварыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага тулгамдсан асуудал болсон учраас “Амжилтын галт тэрэг” дэд хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
М.Батжаргал
相关新闻