Тул загас барьсан хэргийг илрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Жамсранжав тус сумын дөрөвдүгээр багийн иргэн Б-гийн хууль бусаар тул загас агнасан хэргийг илрүүлэн аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шилжүүлэн шалгуулж байна.
Тул загас манай оронд байтугай дэлхийн хэмжээнд тархац нутаг нь хумигдаж, нөөц нь багассан учраас байгалийн нөөцийг хамгаалах олон улсын холбооноос гаргасан жагсаалтын “нэн ховор” бөгөөд “аюулд өртсөн” гэсэн ангилалд бүртгэгдсэн юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр тул загасыг “ховор амьтан"-ы жагсаалтад оруулан хамгаалсан байдаг.
Мөн “Хяналт шийдвэрлэлт” арга хэмжээний хүрээнд Хангал сумын хоёрдугаар багийн иргэн А Уртын эх гэдэг газар ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, өвөлжөөний хашаа барьсан, мөн багийн иргэн Д Бөхөнгийн хуурайн эх гэдэг газар ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж хууль зөрчсөн хэргийг илрүүллээ гэж аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.
М.Батжаргал