“Амжилтын галт тэрэг” хөтөлбөр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-12 16:50:17
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Амжилтын галт тэрэг” дэд хөтөлбөрийг баталж, 220 гаруй сая төгрөг зарцуулахаар төлөвлөлөө.
Нийгэмд ажиллаж, амьдрах чадвартай, үндэсний уламжлал, соёл зан заншлаа дээдэлдэг, сурах хүсэл тэмүүлэлтэй, эрдэм боловсролтой иргэнийг төлөвшүүлэхэд багшийн оролцоо дэмжлэг маш чухал хэмээн үзэж энэ хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Багшийн хөгжлийг дэмжин тэдний нэр хүнд, нийгмийн баталгаа, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн өндөр мэдлэг, хариуцлага бүхий хүний нөөц бүрдүүлэх замаар боловсролын салбарын чанар, үр дүн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой хөтөлбөрийн үр дүнг боловсролын чанарын үзүүлэлтээр үнэлэх аж.
Суралцагчдын стандарт хангалтын түвшин, ахиц, масс сургалтын ахицын үзүүлэлт, улсын төрөлжсөн олимпиад, олон улс болон дэлхийн уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилт, багшийн мэргэжил, арга зүй, ур чадвар нэмэгдсэн байдал, элсэлтийн ерөнхий шалгалтын үзүүлэлт зэргээр шалгуур үзүүлэлт тогтоожээ.
Тус аймагт 2017-2018 оны хичээлийн жилд 23 цэцэрлэг, 22 сургуульд 694 багш ажиллаж, боловсролын үйлчилгээ үзүүлж байна.
М.Батжаргал
相关新闻