“Арвин сүү” үйлдвэр бүтээгдэхүүний дээжээ зах зээлд гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-11 22:26:37
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Бялхам үндэс” төрийн бус байгууллагын дэргэдэх “Арвин сүү” сүүний үйлдвэр цөцгий, ааруул зэрэг бэлэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж Орхон аймаг, Улаанбаатар хотод борлуулж эхэлжээ.

Эднийх Канад улсын элчин сайдын яамны харъяа Канад сангаас 42 сая төгрөгийн төсөл авч сүүний үйлдвэрийн байр барих болон тоног төхөөрөмжийг худалдан авсан байна. Одоогийн байдлаар таван хүний орон тоотой ажиллаж байгаа тус үйлдвэр цагт 1-2 тонн сүү цагаан идээ боловсруулах хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй бөгөөд аарц, сүүг орон нутгийн малчдаас авч боловсруулж байгаа ажээ.

-Энэ намар Тээл, Хантай багийн малчдаас сүү, аарц худалдан авч нөөцөлсөн. Цаашид өөрийн сумын төдийгүй зэргэлдээ сумын малчдаас сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдан авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэж тус үйлдвэрийнхэн ярьж байна.
М.Батжаргал
相关新闻