Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гуравны нэгийг төлөөгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-08 19:25:17
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн санхүүгийн хяналт, аудитын хэлтэс Сэлэнгэ, Бугат, Хангал сумын Сум хөгжүүлэх сангийн сүүлийн таван жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ.
Шалгалтад хамрагдсан сумдад нийтдээ 981,8 сая төгрөгийн зээл олгосноос бараг гуравны нэг буюу 332,5 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн байна. Зөвхөн Бугат суманд сум хөгжүүлэх сангаас 2011-2016 онд 336,3 сая төгрөгийн зээлийг 67 иргэнд олгосноос 56,0 хувь буюу 188,6 сая төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй байгаа аж. Түүнээс 17 иргэний зээлийг  төлүүлэхээр шүүхэд хандан шийдвэрлүүлсэн байна.
-Сум хөгжүүлэх сангийн зорилго, төсөл сонгон шалгаруулахад баримтлах шалгуур, төсөл хэрэгжүүлэгч ямар шалгуур хангасан байхыг судлаагүй, гэрээнд зээлийг төлөөгүй, үүргээ биелүүлээгүй тохиолдолд авах арга хэмжээ хариуцлагыг тусгаагүй зэрэг шалтгаанаас Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй байна гэж дүгнэлээ. Цаашид хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэхээр хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэж аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны дарга Б.Баттулга ярилаа.
М.Батжаргал
相关新闻