Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дэмжлэгт хамрагдсан малчдад шинэ мэдлэг олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хэлтэс малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн үр дүнг дээшлүүлэхээр энэ жил шинээр мал олгосон залуу малчдаа сургалтад хамрууллаа.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас залуу малчдыг дэмжих хөтөлбөрт түшиглэн 42 малчин өрхийг сонгож, өрх тус бүр 4-5 сая буюу нийтдээ 190,0 сая төгрөгийн 2817 мал олгосон юм. Бэлчээрийн төлөв байдал болон газар нутгийн онцлогийг харгалзан хойд бүсийн суманд бод, бог мал, урд бүсийн суманд зөвхөн бог малаар залуу малчны хотонд сүрэг нэмсэн байна.
-"Залуу малчдаа дэмжье" сургалтад Монгол Улсын төрийн соёрхолт мал зүйч О.Мэдэхгүй эрчимжсэн мал аж ахуй, бэлчээр ашиглалт, бэлчээрийн мал аж ахуйн ашиг шимийг сайжруулах чиглэлээр мэдээлэл өгсөн. Мөн малчдын нийгмийн асуудал шийдвэрлэх чиглэлээр гарсан хууль тогтоомж, малчдын зээлийн эрсдэлийн сан, малын эрсдэлийн даатгал зэрэг сэдвээр мэргэжлийн байгууллага, салбарын ажилтнууд мэдээлэл өглөө гэж аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хэлтсийн дарга Г.Нямдорж ярив.
Сургалтад оролцсон залуу малчид Орхон сумын Мааньт багийн “Аймгийн тэргүүний фермер” Ж.Адилбишийн аж ахуйтай очиж танилцан, туршлага судалжээ.
М.Батжаргал