“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар” баримтат киноны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-27 12:09:43
Булган /МОНЦАМЭ/ “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар” баримтат киноны нээлт Булган аймагт боллоо.
Баримтат киноны зохиолыг түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, академич, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ж.Болдбаатар бичиж, кино найруулагч, Монгол Улсын ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулж, нийслэл дэх Бугат сумын нутгийн зөвлөлийн дарга, “Их азар” ХХК-ийн захирал Ц.Алтансүх продюссерээр ажиллажээ.
Баримтат киног бүтээгчид нээлтийн үйл ажиллагаанд оролцсон бөгөөд аймгийн Засаг дарга З.Батзориг кино найруулагч, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэнд хүндэтгэл үзүүллээ.
А.Амар арван гэр, багийн бичээчээс төрийн албанд зүтгэх гараагаа эхэлж, 1913 оноос Гадаад яаманд эх зохиогч, дэс түшмэл, 1921 оны Ардын хувьсгалын дараа Гадаад яаманд эрхэлсэн түшмэл, Дотоод ба Аж ахуйн яамны сайд, Ерөнхий сайдын жинхэнэ орлогч сайд, 1928-1930, 1936-1939 онд Ерөнхий сайд, 1930-1932 онд Шинжлэх Ухааны хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын Бага Хурлын даргаар ажилласан байна.
Түүнийг 1939 оны 3 дугаар сарын сүүлчээр Сталины тусгай удирдамжаар “ангийн дайсны ашиг тусыг өмгөөлөн хамгаалагч”, “Японы тагнуул, төлөөлөгч” хэмээх хилс ял тулган баривчилж, Монголын ард түмний үндэсний баяр наадмын өдөр ялын дээд хэмжээ өгч, 7 сарын 27-ны өдөр цаазалжээ.
1941 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ЗСБНХУ-ын Дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр А.Амар: “Би бол хэрэгтэн биш. Урьдчилсан байцаалт дээр надад тулган хүлээлгэсэн учир түүн дээр өгсөн мэдүүлгээсээ татгалзаж байна. БНМАУ хэрэв тусгаар тогтносон улс юм бол яагаад намайг Зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм бэ?... Би Монголын ард түмэндээ хайртай, би Оросын ард түмэнд элэгтэй, харин “улаантан”, тэдний засагт дургүй... хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстнийг түрэмгийлэн эзэлж, удирдагчдыг нь барьж хорьдог. Яг ийм маягаар ЗХУ Монгол Улсад хандаж байна. Түүний тод жишээ нь миний бие буюу” гэж мэдүүлж байжээ.
ЗСБНХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллеги 1956 оны 12 дугаар сарын 15-ны хуралдаанаар А.Амарт оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, 1962 онд түүнийг цагаатгасан юм.
М.Батжаргал
相关新闻