Автотээврийн салбарынхан машины эд анги үйлдвэрлэж буйгаа танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 100 хувь цахилгаанаар ажилладаг автобусыг хүүхэд хүргэх үйлчилгээнд нэвтрүүлэхээс эхлээд автотээврийн салбарт нэвтэрч буй шинэ техник, технологитой танилцах боломжийг Автотээврийн үндэсний төвөөс олгож буй аж.
Тодруулбал “Инноваци автотээвэрт” сэдэвт өдөрлөгийг ирэх сарын 15-нд зохион байгуулах юм байна. Инновацийн түншлэлийг өргөжүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилго бүхий автотээврийн салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ санаачлагыг олон нийтэд хүргэх юм хэмээн албаныхан хэллээ.
Тухайлбал, монголчууд машины наклад үйлдвэрлэж эхэлсэн бол баруун, зүүн хүрдтэй автомашинуудын гэрлийн тохиргоог зөв тусгалтай болгож, хол, ойрын гэрлийг автоматаар солигддог байхаар тохируулга хийх, хог хаягдлыг дахин боловсруулж шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйтай танилцах боломж бүрдэх юм байна.
Б.Заяа