Усалгаатай тариалан эрхлэх туршилтыг амжилттай хэрэгжүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл”-ийг говийн бүс болон Ховд аймгийн Алтай сумд амжилттай хэрэгжүүлж байна.
Тус сумын Боомын ам услалтын системийн туршилтын талбайд
эрдэнэшиш, вандуй, тарвас, амтат гуа, сармис, чинжүү, хулуу, газрын алим зэрэг
нарийн ногооны тус бүр 2-4 сортыг амжилттай тариалан, арвин ургац авчээ.
Сумын ногоочдын бүлэгт хүнсний ногооны “Агро Альфа” баг
зөвлөгөө өгч эдгээр таримлыг цаг
агаарын өөрчлөлт их, хүнд
нөхцөлд амжилттай тариалжээ. Нийт 300 га талбайд толгойн барилга, гол сувгууд,
3.7 км үерийн хамгаалалтын далан, усан сан, насос станцын барилга байгууламжийг угсарч, 5 ширхэг бороожуулагч
машин угсарч суурилуулсан байна. Мөн 5000 ширхэг мод тарьж, явган хүний зам тавьж, хогийн сав байрлуулан
тохижуулаад байгаа юм.
“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй”
төслийг Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дархан-Уул,
Увс, Дорнод зэрэг 11 аймгийн 19 сум 2020-2026 онд хэрэгжүүлж байгаа. Ингэхдээ услалтын 12 системийг
шинэчлэн, сэргээн засаж, 7000
гаруй га талбайд усалгаатай хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн
ургамал тариалахаас гадна 3500
гаруй өрхөд хүнсний ногооны тариалан эрхлэхэд нь арга зүйн зөвлөгөө өгч байгааг ХХААХҮЯ мэдээллээ.