Экспортод гаргах 100 мянган хонины эхний ээлжийнхийг тээвэрлэхэд бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-14 15:28:01

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Узбекистан Улс, Монгол Улсаас 100 мянган толгой амьд хонь, ямаа худалдан авахаар тохиролцсоны эхний ээлжийн 15 мянга толгой хонийг тээвэрлэхэд бэлэн болжээ.


ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Узбекистан Улс (БНУзбУ)-ын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны орлогч сайд Илзат Касимов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна. Уулзалтын эхэнд тус улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны орлогч сайд Илзат Касимов хоёр улсын Ерөнхийлөгч нарын харилцан айлчлалын үр дүнд өнгөрсөн нэг жилд хийхээр тохиролцсон ажлууд богино хугацаанд бодитоор хэрэгжиж буйг тодотголоо. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр энэ ажлыг эрчимжүүлж, өмнө нь хэлэлцсэний дагуу Монголын талаас экспортын хураамжийг хөнгөлөхөөр шийдсэнд талархал илэрхийлсэн юм.


Түүнчлэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улс руу экспортолсон малын мах тус улсын хэрэглэгчдийн дунд эрэлттэй байгаа. Цаашид Монголд боловсруулсан малын махыг тус улсын сүлжээ дэлгүүрүүдэд шууд борлуулах боломжтойг тоодотгосон байна.



Хоёр тал хамтран махны худалдааны сүлжээ бий болгоход хувийн хэвшлүүд голлох үүрэгтэй оролцохоос гадна Монголын талын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг тус улсад ажиллахыг уриад, ноос, ноолуурын салбарт ч энэ жишгээр хамтран ажиллах боломжтойг дуулгав.


Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хоёр улсын төрийн өндөр дээд түвшинд тохиролцсон ажлууд бодит ажил хэрэг болоход тус улс хүчин чармайлт гаргаж буйд талархал илэрхийллээ. Цаашид хамтран хэрэгжүүлэх мах, ноос, ноолуур боловсруулах зэрэг хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөр, хоёр орны худалдааг өргөжүүлэх төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, нягт хамтран ажиллахаа уламжилжээ.  

相关新闻