Улсын тэргүүний цэцэрлэгийн хүүхдүүд өв соёлоосоо суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-11-20 17:37:50
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Улиастай сумын Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэг хүүхдүүддээ үндэсний өв соёлоосоо суралцах боломжийг олгож хичээлийнхээ хөтөлбөрт монгол наадгайн уламжлалыг оруулжээ. Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгийн 210 хүүхэд монгол наадгайгаар тоглож уламжлалт өв соёлоосоо суралцаж байна.
Хичээлийнхээ хөтөлбөрийн дагуу насны ангилалаар нь монголын уламжлалт шагайн наадгай, оньсон тоглоом, арьсан дээрх монгол зургийн гайхамшгийг хүүхдүүддээ зааж сургаж байна. Түүнчлэн монгол үндэсний хоол хийх арга, монгол зан заншил хүндэтгэх ёс, золгох ёс, хоол зооглох ёс, хувцас өмсөх, урлах, дээдлэх ёс, монгол ардын үлгэр туульс, дуу гэхчлэн монголчуудын уламжлалт зан заншлыг насны онцлогт нь тохируулан заадаг байна. Мөн жил бүрийн уламжлалт цагаан сарыг угтаж “Үндэсний уламжлалаа дээдэлье” өдөрлөгийг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд гэсэн төрлөөр хамтран зохион байгуулдаг уламжлалтай ажээ. Энэхүү өдөрлөгөөр хүүхдүүдийн дунд алаг мэлхий өрөх, шагай няслах, таалцах, морь уралдах, бөх барилдах  зэрэг төрлөөр уралдаан явуулдаг. Харин эцэг эхчүүдийн дунд язгуур урлаг буюу хөөмий, исгэрээ, бий биелгээ, хулсан хуур, Монгол ардын дуу, асуулт хариулт гэсэн төрлөөр уралдааныг явуулдаг. Мөн үндэсний хувцасаараа ижилсэн гоёсон гэр бүлийг шалгаруулдаг уламжлалтай. Хүүхдэд багаас нь үндэсний өв соёлыг танин мэдүүлж, өвлүүлэн үлдээх нь чухал. Тиймээс манай цэцэрлэг үндэсний хувцас, уламжлалт тоглоом наадгай, язгуур урлагаа сурталчилан түгээн дэлгэрүүлэхэд эцэг эх, багшийн оролцоог нэмэгдүүлж хүүхдүүдтэйгээ хамтран ажилладаг хэмээн цэцэрлэгийн эрхлэгч Ш.Батмөнх хэлэв.
Б.Мягмарсүрэн
相关新闻