Гол гаталж байгаад цөмөрсөн дуудлага хоёр ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-20 10:26:02
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт голын мөс цөмөрч машинтайгаа орсон хоёр дуудлага ирсэн байна.
-Хүйтний эрч чангарч, гол, мөрний мөс зузаан хөлдөөгүй нөхцөлд гол гаталж байгаагаас осолдох тохиолдол гарч байна. Тиймээс баталгаагүй замаар явж, амь нас, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байх талаар иргэд анхаарах хэрэгтэй гэж аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах, төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын байцаагч Н.Хишигдорж ярилаа.
Өнгөрсөн бямба гарагт Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Уул алтаадын голын мөс цөмөрч ачааны автомашин суусан байсныг аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 20 дугаар ангийн албан хаагчид аварч,  зорчиж явсан гурван иргэнийг аюулгүй газар хүргэсэн байна.
Мөн Бүрэгхангай сумын нутаг Уушгийн өвөрт Орхон голын мөс цөмөрч пронтер маркийн машины орой харагдаж байсныг аймгийн онцгой байдлын газрынхан “Зил-131” машинтай очиж татаж гаргасан байна. Уг машины жолооч гарцгүй газраар Орхон голыг гарах гэж байж цөмөрсөн аж.
М.Батжаргал
相关新闻