Алсын дуудлагын автомашинуудад зүг чиг заагч шаардлагатай байгааг дуулгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-11-19 22:05:31

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан, шаардлагатай үед тусламж үйлчилгээг үзүүлэх бэлэн байдлын төлөвлөгөөний талаарх мэдээллийг аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
Өнөөдөр Завхан аймагт 28 байгууллагын 932 эмч, эмнэлгийн ажилчид 70,8 мянган хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эдгээр байгууллагуудаас төвлөрсөн халаалтад найман байгууллага холбогдсон, 20 байгууллага  түлшний мод 165 машин, нүүрс  425 тонныг бэлтгэж 2-12 сарын нөөцтэй байна. Зайлшгүй шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийн хангамж 80 хувь буюу яаралтай үед хэрэглэгдэх эм тарианы хангамж нэгээс гурван сарын нөөцтэй байна. Эрүүл мэндийн 30 байгууллагын 60 автомашинаас бэлэн байдалд 20, засвар үйлчилгээ шаардлагатай 32, актлагдах найман машин байгаа бөгөөд шатахууны хүрэлцээ 80 хувьтай байгаа талаар мэдээлэл өглөө.

Түргэн тусламжийн машины яаралтай тусламжийн цүнхний иж бүрдлийн  хангалт 78,5 хувьтай, зүг чиг заагч  хангалтгүй байгаа. Цагаанхайрхан, Цагаанчулуут, Дөрвөлжин, Алдархаан сумдын түргэн тусламжийн автомашин, ЭМГ-ын фургон машин зогссон, шинэчлэх шаардлагатай. Аймгийн НЭ-ийн түргэн тусламжийн 10 авто машинаас ойрын дуудлагын нэг автомашин эвдэрч үйлчилгээ үзүүлэх боломжгүй, гурван авто машин тусламж үйлчилгээнд явах боломжгүй зогссон. Алсын дуудлагын түргэн тусламжийн автомашинуудыг зүг чиг заагчтай /GPS/ болгох шаардлагатай байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл өглөө.

Б.Мягмарсүрэн

相关新闻