Хүүхдэд ээлтэй үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар сургалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөр Завхан аймагт хэрэгжинэ. Хөтөлбөрийн хүрээнд "Хүүхдэд ээлтэй орон нутаг-арга зүй, сайн туршлага" сургалтыг Завхан аймгийн 24 сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт зориулан НҮБ-аас Улиастайд зохион байгууллаа.
Энэ сургалт хоёр өдөр үргэлжилж "Хүүхдэд ээлтэй орон нутаг" санаачилгын хөтөлбөрийг аймаг, сумын удирдлагуудад танилцуулах, хүүхдэд ээлтэй засаглал, эрүүл мэнд, боловсрол, оролцоо, хамгааллын үйлчилгээг төрийн байгууллага, удирдлагууд хэрхэн ямар замаар үзүүлэх талаарх чадавх мэдлэг, арга зүйг олгосон байна. Мөн хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаглалын хариуцлага, оролцоо, хамтын ажиллагааны сайн загварыг танилцуулж, үйл ажиллагааны манлайллыг бий болгох, хүүхэд, гэр бүлийн эрүүл мэнд, боловсрол, хамгаалал, хөгжил, оролцооны төлөөх үйл ажиллагааны арга, туршлагаас хуваалцах, хүүхдэд ээлтэй орон нутаг бодлогын баримт бичиг боловсруулахад шаардлагатай мэдээлэл, арга зүйг танилцуулсан байна. Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн "Хүүхдэд ээллтэй орон" нутаг хөтөлбөрийн зөвлөх Б.Зоя, Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга асан Г.Төмөрбаатар, Хүний гавьяат эмч, Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга асан Л.Дамдинсүрэн, Хөвсгөл аймгийн ХГБЗХГ-ын дарга Ч.Дашбаяр нар удирдан зохион байгуулж Завхан аймгийн 24 сумын 130 гаруй удирдлагууд оролцжээ.
Дашрамд "Хүүхдэд ээлтэй орон нутаг" санаачилга нь Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн үзэл баримтлал дээр суурилсан бөгөөд тухайн конвенц, Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Монгол Улсын мянганы хөгжлийн зорилт, үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийн үр нөлөөгөөр хүүхдийн аж байдалд гарч буй өөрчлөлтийг хэмжиж, үр дүнг тооцож гаргадаг хөтөлбөр юм байна. Энэхүү үр дүнгээр хүүхэд бүрийн эрхийг хангаж ажиллах сайн засаглалыг хөгжүүлж, тэдний өнөөгийн болон ирээдүйн сайн сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой ажээ.
Энэ хөтөлбөрийг 2012-2016 онд Хөвсгөл аймагт амжилттай хэрэгжүүлсэн бол 2017-2021 оны улс орныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгуудыг сонгон авч хүүхдэд ээлтэй орон нутаг болоход нь дэмжлэг үзүүлэхээр болжээ. Ийнхүү Завхан аймаг хүүхдэд ээлтэй аймаг болох зорилтыг тавьж, цаашлаад хүндээ, ирээдүйдээ ээлтэй аймаг болох хөрс суурийг тавихад ирэх жилүүдэд хэрэгжих энэхүү “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр ихээхэн үр дүнгээ өгнө гэж НҮБ-ын Хүүхдийн сан үзэж буй юм. Цаашид зорилтот салбар бүрт ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээс гадна хувийн хэвшил, их дээд сургуулиуд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхдэд ээлтэй орон нутаг санаачлага хөтөлбөрөөс мэдээлэв.
Б.Мягмарсүрэн