Хангал сумын иргэд цаг агаарын мэдээг хүссэн үедээ авдаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-18 10:12:16
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Хангал сумын Засаг даргын Тамгын газар, “Мерси кор” олон улсын байгууллага хамтран цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг хөдөөгийн иргэдэд хурдан шуурхай хүргэх төсөл хэрэгжүүлж байна.
Багийн иргэд гар утаснаасаа тусгай код мессэжээр илгээн сумынхаа цаг агаарын мэдээг 1-7 хоногоор урьдчилан мэдэж ажил, үйлдвэрлэлээ зохицуулах боломжтой болжээ.
- Иргэд цаг агаарын мэдээг хүссэн үедээ авснаар гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэг нөхцөл юм. “Мерси кор” олон улсын байгууллага орон нутгийн иргэдийн амьдралын өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахад бодит үр нөлөөгөө үзүүлсээр байгаа. Мал аж ахуйн бүтээмжтэй үйлдвэрлэл, экспортыг дэмжих замаар хөдөөгийн иргэд, малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлж, нийгмийн сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийг манай суманд хэрэгжүүлж байсан юм гэж Хангал сумын Засаг дарга С.Ичинхорлоо ярилаа.
Хангал сумын нутагт энэ намар их хэмжээний хур тунадас унаж, одоогоор 25 см хүртэл зузаан цастай байгаа юм.
М.Батжаргал
相关新闻