Булган аймаг гадаад харилцааны хөтөлбөр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-18 10:10:56
Булган /МОНЦАМЭ/  Булган аймаг орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, экспортыг дэмжиж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох зорилгоор гадаад харилцааны хөтөлбөр батлан гаргалаа.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр батлагдсан хөтөлбөр аж ахуйн нэгжүүдийн экспортод чиглэсэн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлж, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гадаад улс, орнуудтай нийгэм, соёл болон бусад салбарт хамтран ажиллахаар тусгалаа.
ОХУ-ын Красноярскийн хязгаар, Буриад улсын Закамень аймагтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, БНХАУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн мах махан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, Япон улстай харилцаагаа хөгжүүлж, эрүүл мэнд, боловсролын салбарын эмч, эмнэлгийн ажилтан, багш нарыг чадавхжуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Тус аймаг хоёр хөрш улсын ижил түвшний аймаг, мужтай байнгын харилцаатайгаас гадна БНСУ, Япон, Энэтхэг, Турк зэрэг улс орнуудтай гадаад харилцааны салбарт хамтран ажиллаж байгаа юм.
М.Батжаргал

 
相关新闻