Залуучуудад чиглэсэн төслүүдийн хамрах хүрээг өргөжүүлэхийг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-16 12:39:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХ-ын сайд С.Чинзориг өчигдөр буюу энэ сарын 15-нд Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Илириа Далиг хүлээж авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг дэмжин төсөл хөтөлбөр хэрэгжүүлж санхүүгийн болон арга зүйн туслалцаа үзүүлдэг томоохон донор байгууллагын нэг нь Швейцарийн Хөгжлийн агентлаг юм.

Монголын хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Үүнтэй зэрэгцээд залуучуудын дунд ажилгүйдэл ч ихээр бий болж байгаа юм. Тиймээс залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх, удирдах, манлайлах чадварыг өсгөх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бизнесийн болоод бусад чиглэлийн санал санаачилгыг дэмжих зорилгоор Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслүүдийг дэмжиж ажиллахаа С.Чинзориг сайд дурьдлаа.

Түүнчлэн сүүлийн үед гэр бүлийн, тэр дундаа бага насны охид хүчирхийлэл нэмэгдэж байгааг онцлоод, “Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төсөл дэрэх асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой” хэмээв. Мөн дээрх төслүүдийн хамрах хүрээ, хугацааг нэмэх боломжтой эсэхийг хатагтай Илириа Далигаас тодруулав.

Хатагтай Илириа Дали С.Чинзориг сайдын саналыг хүлээн авч, судлахаа илэрхийллээ. Мөн тэрбээр, Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг Хөгжлийн хамтын ажиллагааны гурав дахь шатны стратегиа байгуулахаар ажиллаж байгааг танилцууллаа.
Ч.Ариунболд
相关新闻