Завханы төрийн албан хаагчид Энэтхэг улсад суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд бүрэн эрхт элчин сайдтай хамтран ажиллахаар өнгөрсөн 10 дугаар сард гэрээнд гарын үсэг зурсан билээ. Тэгвэл хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2018 оны нэгдүгээр сард Бүгд Найрамдах Энэтхэг улсад англи хэл болон бусад мэргэжлийн чиглэлээр суралцуулах иргэдийг тодруулаад байна.
Тухайлбал эхний ээлжинд Завхан аймгийн ЗДТГ-ын ажилтнуудын 2017 оны ажлыг дүгнэж хамгийн өндөр оноо авсан таван хүнийг 1-1,5 сарын хугацаатай Энэтхэг улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцуулахаар болжээ. Мөн англи хэлний 10 багшийг англи хэл, компьютерийн хосолсон мэргэжлээр тус тус сургах гэж байна. Харин 2018 онд аймгийн ЗДТГ-ын харьяа агентлаг, төрийн өмчит компаниудын ажилтнуудыг ээлж дараалалтай суралцуулахаар төлөвлөсөн тухай аймгийн Засаг дарга мэдээлэл өгөв. Дашрамд 2018 оны нэгдүгээр сард Энэтхэг улсад болох хөгжим бүжгийн Олон улсын фестивальд Монгол Улсаас оролцох есөн уран бүтээлчийг Завхан аймгийн ХЖТеатраас оролцуулахаар болсон тухай мэдээллийг өглөө.
Б.Мягмарсүрэн