Малын үүлдэр угсааг сайжруулахад Франц улстай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-11-06 17:24:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Хатагтай Элизабет Барзак болон Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан атташе Орелиа Талваз нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын  хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа харилцан ашигтай хэлбэрт шилжиж эрчимжиж байна. Ялангуяа эрчимжсэн мал аж ахуй, мах, сүүний чиглэлийн фермийн аж ахуйн технологийг нутагшуулах, малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор мах сүүний чиглэлээр үхэр, сүүний чиглэлийн ямаа, ноосны чиглэлийн хонийг амьдаар импортолж байгааг онцлов.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг  ярихдаа, "Бүгд Найрамдах Франц улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тэр дундаа малын үүлдэр угсааг сайжруулах, монгол ноолуурыг дэлхийн зах зээлд илүү өргөн хүрээнд гаргах  талаар хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд жилд 7-9 мянган тонн ноолуур бэлтгэж дэлхийн ноолуурын зах зээлийн 30 хувийг дангаараа бүрдүүлж байгаа учраас Монгол ноолуур дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрэн байгаа талаар онцолсон юм.

Түүнчлэн Малын удмын сангийн цогцолборын ажил дуусч байгаатай холбогдуулан Францын тоног төхөөрөмжийн компанитай хамтран ажиллаж тус компаниас удмын сан, биотехнологи, зохиомол хээлтүүлгийн тоног төхөөрөмжийг хөнгөлттэй нөхцлөөр худалдан авч суурилуулахад, малын бүртгэлийн чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Элчин сайдаас хүслээ.

Уулзалтын төгсгөлд Монголын хуучны анд, хүнд хэцүү цагт тусламжийн гараа харамгүй сунгаж ирсэн Бүгд Найрамдах Франц Улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно гэдгээ ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийлсэн.
相关新闻