Ж.Батзандан: Б.Хурц хууль зөрчсөн олон үйлдлээ УИХ-д тайлбарлах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-06 15:43:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурцын томилгооны асуудлаар УИХ-ын Нээлттэй сонсгол явуулах санаачилга гаргаж буйгаа мэдэгдэв.  
Тэрбээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хууль бусаар хүнийг гадны улс орноос хил дамнуулан авч ирсэн, С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчийг илрүүлээгүй байж хүмүүст ял шийтгэл ногдуулсан, Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгсөн, Тагнуулын байгууллагын албан тушаалтныг хилс хэргээр шоронд хорьсон зэрэг асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулж тайлбар хийх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Мөн Засгийн газрын 11 дүгээр сарын 1-ний 304 дүгээр тогтоолоор ТЕГ-ын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр ажилд томилох болж, БНСУ-ын Элчин сайдаар явуулах гэж буй нь зохисгүй хэмээлээ.  
Тодруулбал тэрбээр “УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах учиртай. Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг ягштал хангуулахын төлөө УИХ-ын гишүүн ажиллах ёстой. Б.Хурцтай миний хувьд хувийн өш хонзон, маргаан, сонирхлын зөрчил байхгүй. Намайг Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой маш олон өргөдөл ирж байсан. Үүний заримаас дурдъя. Нэгдүгээрт Дамирангийн Энхбат гэдэг залууг гадны орноос хууль бусаар унтуулах тариа хийж авчран, шоронд 6 сар хорьсон бүлэглэлийн гишүүн, төлөөлөгч бол Б.Хурц. Бүтэн нэг жил Монголын шоронд хоригдсон Д.Энхбат цагаадаж гарсан ч 6 сарын дараа амь насаа алдсан. Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр Европын холбоо, Англи, Германы хууль шүүхийн байгууллагууд Б.Хурцыг одоо хүртэл шалгаж байна. Үүнийхээ төлөө Б.Хурц Европын холбоо руу орох эрхгүй болсон. Энэ хэргийг шалгах ёстой гэж боддог. Д.Энхбатын гэр бүлийнхний зүгээс хортой тариагаар тарьсаар байгаад амь насыг нь хохироосон гэх өргөдлийг УИХ-д ирүүлдэг. Монгол Улсын жирийн иргэнийг тагнуулын байгууллагын хүн гаднаас хууль бусаар хулгайлан авчирсан явдлыг таслан зогсоохын тулд УИХ-д Нээлттэй сонсголын хүрээнд ярих ёстой. 

Мөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж, улс төрийн захиалгатай аллага байна гэж үзээд, Монгол Улсын гурван иргэнд ял өгөөд явуулсан. Гэтэл одоо болтол захиалагч нь олдохгүй байна. Энэ асуудлаар би ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой олон удаа уулзсан. С.Зоригийн амь насыг хороосон хэргийг УИХ-аар ярьж, захиалагч нь хэн бэ гэдгийг тодорхой болгохгүй бол гурван хүнийг хилсээр шийтгэчихлээ. ТЕГ-ын дарга энэ хүмүүсийг шийтгэснийхээ төлөө генерал цол хүртсэн. Харин тэр генерал одоо УИХ-ын Нээлттэй сонсголоор гишүүдийн өмнө хариулах ёстой. 

Гуравдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол алдарт тагнуулч Б.Хурц. Уг хувийг Засгийн газар дангаараа авах бүрэн боломжтой байсан. Гэтэл нууцаар худалдах ажлыг ТЕГ-ын дарга Б.Хурц, тухайн үед Б.Хурцыг томилсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар зохион байгуулсан. Үүнийг бид УИХ-аар ярилцах цаг болсон. Энэ асуудлыг эцэслэн шийдэхээс нааш Б.Хурцыг Элчин сайдаар яаран томилох хэрэггүй.

Дөрөвдүгээрт, намайг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад өөртэй нь хамт ажиллаж байсан албан тушаалтныг хилс хэрэгт хийсэн талаар хохирогчийн эхнэрээс өргөдөл ирж байсан. Энэ өргөдлийг өнөөдрийг хүртэл УИХ хэлэлцэхгүй дарж байгаа. Ер нь УИХ-ын олон гишүүд, бизнесменүүд Б.Хурц, түүний бүлэглэлээс маш их айдаг, айдастай байдгийг би ойлгож байна. Алийн болгон Б.Хурцаас айж амьдрах юм бэ. ТЕГ-ын нэрийг барьсан Б.Хурцад бизнес, газар, лиценз, тендерээ дээрэмдүүлсэн хүмүүс одоо УИХ-д өргөдлөө өгөх хэрэгтэй. Нээлттэй сонсголын хуульд УИХ-аас томилогддог албан тушаалтнуудын томилгооны асуудлаар сонсгол явуулахаар тусгасан. Томилгооны сонсголыг 19 гишүүний санаачилгаар явуулж болдог учир Б.Хурцын асуудлаар томилгооны асуудлаар сонсгол явуулах санаачилгыг УИХ-ын гишүүн миний бие албан ёсоор гаргаж байна" гэв.

Дараа нь тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Нээлттэй сонсгол явуулах 19 гишүүний гарын үсэг хүрэх болов уу?
-Би 19 гишүүний гарын үсэг бүрдэх байх гэж бодож байна. Хэрвээ гишүүдийн гарын үсэг бүрдэхгүй бол УИХ Б.Хурцын томилгоог дэмжиж байна гэсэн үг. Алийн болгон мафийн шинжтэй бүлэглэлийн толгойлогчоос айж амьдрах юм бэ.

-Монголын олон гэр бүл Хурцаас айдаг гэж та хэллээ. Та үүнийгээ баталж чадах уу?
-Манай найз нөхөд, таньдаг хүмүүс, ээж маань хүртэл айж байна. Манай ээж над руу яриад 'Миний хүү Хурцын асуудлыг битгий яриач. Аймаар хүн, Д.Энхбатыг авч ирээд аминд нь хүрсэн гэж. Б.Хурц бол Монгол Улсын иргэн, тиймээс түүний томилгоотой холбоотой асуудлыг УИХ-аар Нээлттэй сонсголоор ярих ёстой гэж би үзэж байгаа юм.

-Та энэ асуудлыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой зөвлөлдсөн үү? 
-Би Ц.Нямдорж сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нартай зөвлөлдсөн. Б.Хурц өнгөрсөн дөрвөн жил Худалдаа хөгжлийн банкны биет төлөөлөгчөөр ажиллаж, Төрийн ордонд бичиг бариад гүйдэг хүн байсан. "Та Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар та дуугүй байгаач. Ц.Нямдоржтой битгий нийлээч. Их муу хүн" гэж ярьдаг байсан. ТЕГ-ын дарга хувийн компанийн менежерээр ажиллаж, УИХ-ын гишүүдэд очиж нууц бичиг баримтыг дэлгэж ярьж болдог юм уу? Хуулиар хориотой ийм зүйлийг яагаад дөрвөн жил хийснийг би тодруулахыг хүсч байна. Намайг ийм асуудал ярихаар УИХ-ын гишүүд эмээдэг. Алийн бүр мафийн толгойлогчоос айж явах юм бэ. Зарим улс төрч надад хэлэхдээ "Б.Хурцыг Өмнөд Солонгос улсад Элчин сайдаар явуулж холдуулах гэж байгаа юм" гэсэн. Энэ бүх асуудлыг тодорхой болгохын тулд нээлттэй сонсголоор ярих хэрэгтэй.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻