Швейцарын Холбооны Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Маяа Риникертэй энэ сарын 29-нд албан ёсны уулзалт хийсэн талаар УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцар улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь итгэлт түнш бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэхийг эрмэлздэг гэв. Мөн Монгол Улсад ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Швейцарын Холбооны Улстай хамтран үр дүнтэй төслийг хэрэгжүүлж ирсний дотор Швейцарын парламентын хууль тогтоох үйл ажиллагаа, түүний дотор олон нийтийн санал асуулга явуулах, шууд ардчиллын зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэндээ талархалтай байгаагаа илэрхийллээ. Цаашид хууль тогтоох байгууллага, түүний Тамгын газар хоорондын харилцааг өргөжүүлэх, харилцан сонирхсон салбаруудад бодит хамтын ажиллагаа өрнүүлэхэд УИХ-аас дэмжлэг үзүүлэн ажиллана гэв.
Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Маяа Риникер манай хоёр орон газар зүйн хувьд алсалсан хэдий ч энх тайванч, олон талт хамтын ажиллагаа бүхий нийтлэг үнэт зүйлстэй бөгөөд харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Хууль тогтоох байгууллага болон Тамгын газруудын хамтын ажиллагаа үр дүнд хүрч буйн нэг илрэл нь ирэх намар парламентын хяналтын сайн туршлагуудыг солилцох чиглэлээр Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн төлөөлөл Монгол Улсад айлчлал хийхээр болсныг онцлон тэмдэглэв. Түүнчлэн, Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад үйл ажиллагаагаа зогсоосон ч Эдийн засгийн асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга нарын газраас (SECO) өмнө нь эхлүүлсэн төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн санхүүжүүлж байгаа учраас Монгол Улсын Их Хурал дэмжин ажиллахыг хүслээ.
Мөн хоёр тал Швейцарын Холбооны Улсын парламентад Монгол Улстай харилцах бүлэг байгуулах боломжийн талаар харилцан санал солилцов.