Орон нутгийн зам мөстсөн, даваа хальтиргаатай байгааг сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-06 13:32:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нутгийн ихэнх хэсгээр үргэлжлэн орж буй их хэмжээний цасны улмаас орон нутгийн чанартай автозамд үүсч буй хальтиргаа, гулгааны нөхцөл байдлын талаар Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс шуурхай мэдээлэл хүргэж байна.
Тухайлбал, Архангай аймгийн ихэнх зам мөстсөн, Баянхонгор аймгийн Шарт болон Бумбатын даваанд хальтиргаа үүсчээ. Мөн Дархан-Уул,Өвөрхангай, Орхон аймгийн орон нутгийн чанартай автозамууд мөстөж, хальтиргаа, гулгаа үүсч, зам тээврийн осол гарах эрсдэлтэй байгааг анхааруулав. Харин Говь-Алтай, Сэлэнгэ, Сүхбаатар, Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Замын-Үүд, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймагт зам, даваа хэвийн байгаа аж. Одоогоор цасанд хаагдсан даваа байхгүй.

Ойрын үед ихэнх нутгаар нойтон цас орж, хучтэй салхи шуурах төлөвтэй байгаа юм. Энэ үеэр тээврийн хэрэгсэл олноор замд саатах, , эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй тул тээвэрчид, ард иргэдэд онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг, зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлж байна.

Ч.Ариунболд
相关新闻