Ур чадвартай хамт олноор төмөр замчдын "Мөнгөнхараа" баг шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-31 15:27:35
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ жилийн “Дэлхийн стандартын өдөр”-ийг Сэлэнгэ аймаг “Стандарт нь хотыг илүү ухаалаг болгоно” уриатайгаар Мандал суманд тэмдэглэн өнгөрүүллээ.
Уг арга хэмжээг аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мандал сумын ЗДТГ хамтран Мандал сумын 20 гаруй худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын 40 гаруй ажилтнуудын дунд зохион явуулжээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд сургалт хийж, ярилцлага өрнүүлэхийн зэрэгцээ ажил мэргэжлийн уралдаан зохион явуулсан байна. Сургалтад оролцогчдод “Худалдааны газар түүний үйлчилгээ, Ерөнхий шаардлага MNS 5021:2007 стандарт ба Харилцагчийн үйлчилгээ”, “Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтонд тавих шаардалага MNS 6648:2016 стандарт”, “Худалдааны газарт мөрдөх дүрмүүд”, “Хэмжил зүйн талаарх мэдээлэл”, “Үйлчилгээний ажилтны мэргэжлийн ёс зүй, соёл”, “Худалдааны салбарын өнөөгийн байдал хэрэгжүүлэх арга хэмжээ” гэсэн сэдвүүдийн хүрээнд мэдлэг олгож, гарын авлага, тарааж өгөх материалаар хангасан аж.
“Стандарт нь хотыг илүү ухаалаг болгоно” арга хэмжээний хүрээнд зохиогдсон ажил мэргэжлийн уралдаан нь "Ур чадвартай хамт олон” сэдвийн дор боллоо. Уралдаанд 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг хамруулсан дөрвөн баг оролцсоноос тэргүүн байрыг төмөр замчдын "Мөнгөнхараа" баг, дэд байрыг "Зөв стандарт" баг, гуравдугаар байрыг Түнхэл тосгоны "Инээмсэглэл" баг эзэлжээ. Энэхүү уралдаан тэмцээн нь худалдаа, үйлчилгээний салбарт ажиллагсдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын туршлага солилцох, харилцан суралцах цаашлаад салбарын хамт олныг ойртуулан нягтруулахад ихээхэн ач холбогдолтой ажил болжээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻