Түдэвтэй сум нэгдсэн халаалттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-20 23:04:48
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Түдэвтэй сум төвлөрсөн халаалттай боллоо. Завхан аймаг сумуудаа нэгдсэн халаалтанд холбох ажлыг шат дараатай зохион байгуулж байгаа бөгөөд хөдөөгийн 23 сумаас ийнхүү дөрвөн сумыг  төвлөрсөн халаалтанд холбоод байна.
Түдэвтэй сумын нэгдсэн халаалт, цэвэр усны барилгын ажлыг  “ММС трейд” ХХК нь өнгөрсөн наймдугаар сарын 15-аас эхлэн барьж дуусгажээ. Өнөөдрийн байдлаар тус сумын халаалтын шугамтай 10 гаруй  айл өрх,  сургуулийн дотуур байр, сумын ЗДТГазар, Сум дундын эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг, Цагдаагийн байр, хувийн хэвшлийн зарим байгууллагууд халаалт цэвэр усанд холбогдоод байгаа ажээ.
Дашрамд Түдэвтэй сум 600 орчим өрх, 1800 гаруй хүн амтайгаас сумын төвдөө 400-аад хүн ам оршин суудаг. Халаалтаас гадна цэвэр усны шугам хамт тавигдаж байгаа учраас айл өрхүүд бойлуур ашиглан халуун усныхаа асуудлыг ч шийдэх боломжтой болжээ. Нэгдсэн халаалттай болсноор ирэх жил орон сууцны хороолол барихаар төлөвлөжээ. 
Б.Мягмарсүрэн 
相关新闻