Улаан хальст сармисны олдоц муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-19 03:07:38
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг энэ жил аймгийн хэмжээнд улаан хальст сармисыг нийт 3.2 га-д тариалж жилд 12.5-15 орчим тонныг хурааж авчээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 64 иргэн сармис тарьж, хураан авсан байна. 
Улаан хальст сармис нь тариалалт, хадгалалтын өндөр горим, өвөрмөц технологитой төдийгүй арчилгаа, хамгаалалт ихтэй, хэн дуртай нь тарьж чадах ургамал биш ажээ. Тиймдээ ч сармисны үнэ чамгүй өндөр байдаг байна. Тодруулбал энэ намар сармис 9 дүгээр сард нэг кг нь 55 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол 10 дугаар сарын дундаас эхлэн нэг кг сармис 60-70 мянган төгрөг болж олдоц муудсан байна.

Завхан аймгийн удирдлагууд улаан хальст сармисны тариалалтыг бодлогоор дэмжиж, 2013-2020 оныг хүртэлх хугацаанд тариалалтыг нэмэгдүүлэх, хадгалалтын технологийг сайжруулж, орон нутаг төдийгүй зах зээлд хүрэлцээтэй гаргах зорилгоор “Улаан хальст сармис” дэд хөтөлбөр гарган, үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ дэд хөтөлбөрийн хүрээнд Улиастай, Алдархаан, Яруу сумдын 34 аж ахуйн нэгж, тариаланчдад улаан хальст сармисны 100 кг үрийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр үр үржүүлэх гэрээ байгуулан олгосон гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.
Улаан хальст-ийг брэнд болгосон түүх
 
“Завханы гэх тодотголтой болсон энэ сармисыг брэнд болгож технологийнх нь дагуу тариалж буй тариаланч нь Р.Омоонцоо гуай ажээ.
Завхан аймгийн Улиастайд 300-аад жилийн өмнөөс хятад иргэд улаан хальст сармисыг нутагшуулан тариалж ирсэн түүхтэй. 1950-иад оны сүүлээр “Партизан Чойбалсан” нэгдэл сэргээн тариалж орон нутгийн сармисны хэрэгцээг хангаж байжээ. Гэсэн ч 1990-ээд он гарч нийгэм солигдсон ороо бусгаа цаг үед тариалалт нь багасч, устахад хүрсэн байна. Энэ үед буюу 1992 онд Р.Омоонцоо гуай Дархан уул аймгийн хүрээлэнгээс гурван кг сармисны үр авч тариалснаар “Улаан хальст сармис”-ыг устаж үгүй болохоос нь аварч, Завхан аймагт дахин сэргээжээ. Тэрээр улсын түүхэнд анх удаа нэг га-аас 60 центнер хүргэж ургац авч байсан байна. Өдгөө тэрээр арчилгаа их шаарддаг уг сармисыг хэрхэн тариалахыг нутаг нугыхандаа зааж өвлүүлж яваа ажээ. Улаан хальст сармис нь ааг амтны хувьд цагаан сармиснаас илт давуу. Нэг удаагийн хоолонд тал хумс сармис л хэрэглэхэд хангалттай. Улаан хальст сармисны бас нэг шид нь хорт хавдар, ханиад, бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх шидтэй ажээ. Дөрвөн ам бүлтэй айл нэг килограмм сармисыг жил гаруйн хугацаанд хэрэглэдэг ажээ. Харин үнийн хувьд анх 1900 төгрөгөөр борлуулдаг байхад худалдаж авах хүн олддоггүй байсан бол үнэ өссөөр байгаа энэ үед нутгийн иргэдэд ч олдох нь ховор ажээ.
Б.Мягмарсүрэн
相关新闻