Олимпийн наадмын анхны тугчийн нэрэмжит танхим байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-18 19:06:41
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гурванбулаг сумын  бүрэн дунд сургуульд олимпийн наадмын анхны тугч Ч.Найдангийн нэрэмжит “Олимп судлалын танхим” байгууллаа.

Монголчууд олимпийн гараагаа 1964 оны Токиогийн зуны олимпийн наадмаар эхэлсэн бөгөөд манай багийн тугчаар хөнгөн атлетикийн дасгалжуулагч Чүлтэмийн Найдан оролцож байжээ.

Чүлтэмийн Найдан агсан нь Монгол Улсад цана, дугуй, явган аяллын спортыг санаачлан хөгжүүлсэн, хөнгөн атлетикийн анхны шигшээ багийг байгуулж, хүндийн өргөлтийн спортын суурийг тавьсан тус сумын уугуул, хилийн цэргийн бэлтгэл хурандаа байсан юм.

Уг танхимыг Ч.Найдангийн үр хүүхэд, ач зээ, болон хамтран ажиллаж байсан Д.Шаравшагдар, н.Ганхуяг нарбайгуулж, албан ёсны нээлт хийж, орон нутагт нь хүлээлгэн өгсөн байна. Мөн энэ нээлтийн үеэр Ч.Найдангийн үр хүүхэд, ач зээ нар ивээн тэтгэж, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулжээ.
М.Батжаргал
相关新闻