Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын талаар сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-17 22:18:34

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баяннуур суманд "Орон нутгийн иргэдийн соёлын өвийн хадгалалт хамгаалалтын талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх нь" сургалтыг Соёлын өвийн үндэсний төв, БСШУСЯ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ТИКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран хийлээ.
ЮНЕСКО-гийн Монакогийн вант улсын итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Майхан уулын шороон бумбагар археологийн дурсгалыг хадгалах, хамгаалах, тогтвортой менежмент бий болгоход боловсон хүчнийг чадавхжуулах, олон нийтийн ухамсарыг нэмэгдүүлэх" төслийн хүрээнд зохион байгуулсан уг сургалтад Булган, Дашинчилэн, Сэлэнгэ сум, Төв аймгийн төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, иргэн 40 гаруй хүн оролцлоо. 
Сургалтад оролцогчид тус сумын Майхан уулын энгэрт орших Улаан хэрмийн Шороон бумбагарын дурсгалт газарт очиж танилцсан байна.
Шороон бумбагарын дурсгал бол тонуулаагүй бүтнээрээ олдсон Монголдоо төдийгүй Азидаа ганц хосгүй олдвор аж. Түрэгийн үеийн энэ бунхныг манай археологичид нээн судалж 2011 онд малтлага хийжээ. Бунхны үүдэвч буюу орох хонгил нь 42 метр урт, 180 см өргөн 7 метр гүн бөгөөд хонгилын хоёр хананд 40-өөд тооны өнгө ялгаж зурсан зурагтай. Ийм хананы зурагтай бунхан урд зүгт байдаг гэх ч бүтнээрээ олдсон нь үгүй гэнэ.
Бунханд орох модон хаалгыг чулуугаар даруулсан харин доторх гурван хаалга нь цоожтой, түлхүүр нь гадна хаалгандаа зүүлттэй байсан ба түлхүүрээр нь нээн дотогш орсон байна. Бунхны баруун талд том модон авсанд толгой талд нь алтан эдлэлийг тавьж түүний доор талийгаачийн чандарыг байршуулж доор нь алт, мөнгөн зоосыг тавьсан байж. Титэм байж магадгүй гэмээр алтан эдлэл ч гарч. Ер нь 300 гаруй олдворыг олж Хархорины музейд шилжүүлжээ.
Одоогоор хэний бунхан болохыг хэлж чадахгүй ч хаан, хааны дараа орох том язгууртны бунхан болох нь илэрхий бөгөөд эндээс гарсан алтан зоос гэхэд 610-630 онд Туркийн Истанбул хотод цутгасан зоос байжээ.

М.Батжаргал

相关新闻