“Эрүүл ирээдүй” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-17 19:34:51
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ болон бусад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулан эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, зөв хүмүүжилтэй иргэнийг хөгжүүлэх зорилготой “Эрүүл ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Харин хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалтгүй, зорилго, үйл ажиллагааны мэдээлэл иргэд, олон нийтэд хүрээгүй байна гэж аймгийн Засаг дарга дүгнэн ажил эрчимжүүлэх шийдвэр гаргалаа.
Уг шийдвэрт, архидан согтуурах болон бусад хорт зуршил, хэт хэрэглээнээс татгалзсан, эрүүл зөв амьдралын дадал хэвшлийг өөртөө болон гэр бүл, найз нөхдийн дунд бүрдүүлж буй иргэд, ажилтан, албан хаагч, тэдний нэгдсэн бүлгийг бодлогоор дэмжин, төсөл, хөтөлбөрт хамруулахыг онцолсон байна.
Мөн төр, төсвийн болон аж ахуйн нэгж, байгууллага бүр архидан согтуурах, дэлгэцэнд донтох, хар тамхи мансуурал зэрэг амьдралын буруу хэв маяг, хэт хэрэглээний сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, ажлын байранд болон байгууллагын орчин тойронд “Архигүй орчин” бүрдүүлэхийг сум, байгууллагын дарга нарт үүрэг болгожээ.
М.Батжаргал
相关新闻