Иргэдээ нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт үнэгүй хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-15 16:38:58
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын нутгийн зөвлөл "Монос" групптэй хамтран Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй багийг аймгийн нэгдсэн эмнэлэгт амралтын өдрүүдэд ажиллуулж, үнэ төлбөргүй үзлэг хийж иргэдэд үйлчиллээ.
Иргэдэд зүрх судас, дотрын нарийн мэргэжлийн үзлэг хийж, ясны сийрэгжилт, чихрийн шижин тодорхойлон, эмчилгээ зааж, зөвлөгөө өгсөн байна. Өнгөрсөн онд 400 гаруй иргэдэд үйлчилсэн бол энэ жил 600 гаруй хүн дугаар авч үзлэгт хамрагджээ.
Мөн үнэ төлбөргүй үзлэг хийсний дээр эмч, эмнэлгийн ажилтны хүсэлтийн дагуу мэргэжил дээшлүүлэх кредит тооцох сургалт хийжээ.
- Булган сумын нутгийн зөвлөл энэ арга хэмжээг хоёр дахь жилээ зохион байгуулж байна. Өнгөрсөн онд 4,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивласан. Энэ жил эмнэлгийн ажилтнуудын хүсэлтийг харгалзан хүн амын хамгийн их үйлчлүүлж байгаа үзлэгийн нэг кабинетийг тохижуулна гэж Булган сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Д.Эрдэнэбаяр ярилаа.
М.Батжаргал
相关新闻