Эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нарын мэргэшүүлэх сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-10 22:30:06
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хангайн бүсийн цагдаагийн байгууллагын эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгчдийн сургалт болж байна. Шинэчлэн баталсан Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа гүйцэтгэх ажлын мэргэшүүлэх сургалтанд Булган, Орхон, Хөвсгөл аймгуудын нийт 60 гаруй цагдаагийн эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нар оролцож байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаа Цогт хун тайжийн талбайд болж, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Хишигбаатар, Эрүүгийн цагдаагийн албаны тасгийн дарга, цагдаагийн хурандаа А.Энхтөр болон Булган, Орхон, Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын удирдлага бусад албаны хүмүүс оролцлоо.
Цогт хун тайжийн хөшөөнд цэцэг өргөж, ажилдаа үр бүтээл гаргаж, хамт олноо тэргүүлэн ажилласан алба хаагчдад шагнал гардууллаа.
Хангайн бүсийн цагдаагийн албан хаагчдын мэргэшүүлэх сургалт аймгийн цагдаагийн газрын Жаргалант дахь сургалтын төвд таван өдөр үргэлжлэх юм.
М.Батжаргал
相关新闻