Биеийн тамир спортын байгууллагынхан ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-26 17:43:38
Булган /МОНЦАМЭ/ Далан жилийн хугацаанд долоон удаа нэрээ өөрчилсөн Булган аймгийн биеийн тамир спортын газар ойгоо тэмдэглэлээ. Биеийн тамирын хэрэг эрхлэх хороо нэртэйгээр нийслэлийн “Хөдөлмөр” нийгэмлэгт харьяалагдаж байсан спортын байгууллагын түүхэнд онцлог амжилт олон гарчээ. Үндэсний бөхийн дархан аварга, спортын ууган гавьяат мастер, Б.Түвдэндорж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн наадмын манай улсын анхны аварга, хос медальтан Н.Түвшинбаяр гээд спортын 13 гавьяат мастер, улсын алдар цолтой 120 гаруй бөх, спортын олон улсын хэмжээний 50 шахам мастер төрсөн гарчээ.
Мөн тус байгууллагад ажиллаж байсан Г.Баатар, Ш.Эрдэнэ-Очир нар гавьяат дасгалжуулагч цол хүртэж байсан юм.
            - Манай аймгийн баг тамирчид 1951 оноос хойш улсын аваргы шалгаруулах тэмцээнд 100 гаруй удаа 1-3-р байр эзэлж байснаас 62 удаа алтан медаль хүртэж байсан түүхэн амжилт гаргасан юм. Булган аймаг улсын хэмжээнд анх удаа биеийн тамирын төрөлжсөн сургууль байгуулж байсны дээр спортын ордон, усан спорт сургалтын төвтэй болж иргэд, хүүхэд залуучуудын бие бялдрыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж байна гэж аймгийн биеийн тамир, спортын газрын дарга А.Ханддорж ярьлаа.
Аймгийн биеийн тамир спортын газрын 70 жилийн ойг тэмдэглэж, волейболын тэмцээн, сур, шагайн харваа, үндэсний бөхийн барилдаан зохион байгууллаа.
М.Батжаргал 
相关新闻